
Израилын аюулгүй байдлын зөвлөл Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн Газа хотыг эзлэх төлөвлөгөөг дэмжжээ. Аюулгүй байдлын зөвлөл хуралдахын өмнө Б.Нетаньяху Израил улс Газын зурвасыг бүхэлд нь цэргийн хяналтдаа авахаар төлөвлөж буй талаар дурджээ.
Үүнтэй холбоотойгоор Израилын хэд хэдэн хотод Израилын эрх баригчдын төлөвлөгөөг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан өрнөжээ. Иргэд Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх нь ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа иргэдэд цаазын ял оноосонтой дүйцнэ хэмээн үзэж байгаа аж. 2023 оны 10-р сараас хойш Израил Газын зурвасын 70 гаруй хувийг эзлээд байгаа ба цаашид ХАМАС бүлэглэлийг үгүй хийх, барьцаанд байгаа иргэдээ эргүүлэн авах, Газын зурвасыг зэр зэвсэггүй болгох, Газын зурвасыг цэргийн хяналтад авах, Газын зурваст ХАМАС бүлэглэл болон Палестины Удирдлагын оролцоогүй засаг захиргаа байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Түүнчлэн Тель-Авив Газа хот болон Газын зурвасын өөр бусад бүс нутгуудаас 1 сая орчим палестинчуудыг Газын зурвасын хойд зүг рүү нүүлгэн шилжүүлэх, орон гэргүй болсон палестинчуудыг байршуулах цогцолборууд байгуулах, хүмүүнлэгийн тусламж тараах цэгүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөжээ.






