
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Арабын Нэгдсэн Эмират улс нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахад хамгийн тохиромжтой байршил хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр ОХУ-д айлчилж буй Арабын Нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтынхаа үеэр, “Ийм төрлийн уулзалт зохион байгуулахад туслах олон найз нөхөд бий. Тэдгээрийн нэг нь Арабын Нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч юм. Арабын Нэгдсэн Эмират нь уулзалт зохион байгуулахад хамгийн тохиромжтой газруудын нэг гэж бодож байна” гэжээ.
Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахад бэлэн байгаа ч тэрнээс өмнө Киев ОХУ-ын тавьсан шаардлагуудыг биелүүлсэн байх ёстой гэдгийг онцолжээ. В. Путины туслах Юрий Ушаковын мэлээлснээр ОХУ, Америкийн төрийн тэргүүнүүдийн уулзалт ойрын хугацаанд болох ба уулзалт болох газар нь тодорхой болсон аж. Польшийн Onet.pl агентлаг АНУ-ын ОХУ-д тавьсан саналын тухай нийтэлжээ.
Тус сайтын сэтгүүлчдийн олсон мэдээллээр Д. Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф ОХУ-д айлчилж, В. Путинтай уулзах үеэрээ Д. Трампын засаг захиргаанаас тавьж буй саналыг ОХУ-ын Ерөнхийлөгчид уламжилжээ. Вашингтоны зүгээс ОХУ-аас галаа бүрэн зогсоох, ОХУ-ын эзэлсэн газар нутгийг хүлээн зөвшөөрөх, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүдийн дийлэнхийг цуцлах, цаашид эрчим хүчний хамтын ажиллагаагаа сэргээх санал тавьжээ. Нөгөө талаас Вашингтоны тавьж буй саналд Украины НАТО-д элсэх явдалд хориг тогтоох, Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа зогсоох тухай ямар нэг зүйл заалт байхгүй байгаа аж.






