
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп чип болон хагас дамжуулагчийн импортын гаалийн татварыг 100 хувь болгон нэмэхээр төлөвлөсөнтэй холбоотойгоор Apple компани АНУ дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зориулж нэмж 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгджээ. Ингэснээр Apple компанийн АНУ-ын эдийн засагт оруулах нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 600 тэрбум ам.долларт хүрээд байна. Ерөнхийлөгч Д. Трамп Apple компанийн түүхэн хөрөнгө оруулалтын ачаар АНУ-д 20 мянга гаруй шинэ ажлын байр бий болно гэдгийг онцолж, Америкт зарагдаж буй iPhone утаснууд нь АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдвэрлэгддэг болно хэмээн мэдэгджээ.
Apple компани өмнө нь ирэх 4 жилд АНУ-ын эдийн засагт 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн юм. Apple компанийн хөрөнгө оруулалт Хьюстонд серверийн шинэ үйлдвэр, Мичиган мужид бэлтгэн нийлүүлэгчдийн академи барьж байгуулахад, мөн АНУ-д үйл ажиллагаа явуулдаг бусад бэлтгэн нийлүүлэгч компаниудтай хамтран ажиллахад зарцуулагдах аж. Ингэснээр тус компани 2025 онд АНУ-ын 12 мужид байрлах 24 үйлдвэртээ нийт 19 тэрбум чип үйлдвэрлэхээр төлөвлөжээ.






