
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.
-Увс аймгийн 100 жилд өөрийнхөө багцаас хоёр тэрбум төгрөг зарцуулсан гэж та хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан удаатай. Эрчим хүчний салбар мөнгөгүй гээд цахилгааныхаа үнийг нэмсэн. Тийм байтал салбарын сайд нь аймгийнхаа ойд улсын төсвөөс тэрбум, тэрбумаар нь мөнгө “цацаад” байж болдог юм уу?
-Увс аймгийн 100 жилийн ойг тэмдэглэх ажил дээр иргэд болон бизнес эрхлэгчид 11 орчим төгрөгийн санхүүжилт гаргасан. 3000 орчим иргэн хандив өгсөн байсан. Эдгээр хандивыг ойн урсгал зардалд зарцуулсан. Өнгөрсөн жилээс хойш Увс аймагт 22 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн. Иргэдээс авсан хандивын хөрөнгөөр уралдаан тэмцээн ойн арга хэмжээг зохион байгуулсан.
Би нэг зүйлд хүлцэл өчье. Аймгийн 100 жил гэсээр хэд хоног нойр муутай явж байгаад “Миний багц” гээд хэлчихжээ. Эрчим хүчний сайдын багцаас гарсан мөнгийг “Миний багц” гээд хэлчихжээ. Үүнд тодорхой тайлбар өгье. Увс аймгийн төвийн 2, 4, 11-р багуудыг дамнаад хэд хэдэн ажил хийсэн юм. Эхнийх нь, “Баруун тойргийн авто зам” нэртэй 2 км гаруй урттай замын ажил. 3.6 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт суулгаж, ажлыг эхлүүлсэн. Ойг угтан 90 хувьтай ашиглалтад орсон. Дараагийн ажил нь дээрх багуудын цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн. Өмнө нь хүчдэлийн уналттай холбоотойгоор “цай буцалдаггүй” гэх зэрэг гомдол олон жил чих дэлдсэн. Тиймээс Увс аймгаас сонгогдсон гишүүний хувьд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгийг улсын төсөвт тусгуулсан. Тендерийг худалдан авах ажиллагааны газар зарласан. Эрчим хүчтэй холбоотой асуудал учир Эрчим хүчний сайдын багцад суусан. Тендерийг гүйцэтгэлээр анх хоёр тэрбум төгрөг суусан. Тендерт олон компаниуд хоорондоо өрсөлдөөд яг гүйцэтгэлээр 1 тэрбум 851 сая төгрөгөөр хийгдсэн ажил юм билээ.
Дахин хэлэхэд, Увс аймгийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой ямар нэг төсвийн болон эрчим хүчний салбарын түгээгч компанийн эх үүсвэрийг ашиглаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
-Эрчим хүчний салбарт энэ жил ямар эрсдэл байна. Төсөв дээр танах шаардлагагүй зүйлс юу байгаа вэ?
-Эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд ийм болсон зүйл биш. Жишээлбэл, ТЭЦ–3 дээр наймдугаар сарын 1-нд техникийн саатал гарсан байна. ТЭЦ- 3 маань 198 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц. Тодруулан хэлбэл,
- 12 МВт-ын 4 турбин
- 25 МВт-ын 4 турбин
- Зургаадугаар сард гэмтдэг 50 МВт-ын турбин гээд нийт 9 турбин байна гэсэн үг.
Гэмтсэн есдүгээр турбагенератороос бусад нь ашиглалтын хугацаа нь хоёр дахин хэтэрсэн. Яг үнэнийг хэлэхэд, станцын зуухнуудын дотор гадаргуунууд нь нимгэрээд “металлын ядаргаа” гэж нэрлэдэг байдалд орсон. Осол гарах магадлал өндөр байна. Бүхэлд нь сайжруулахын тулд зөвхөн энэ Засгийн газар биш 2017-2018 оноос өргөтгөе, шинэ станц баръя гэж буй. ОХУ-тай хоёр станц шинээр барих асуудлыг ярилцаад явж байгаа. Өртгийг өндөр хэлээд байгаа учраас БНХАУ-ын үйлдвэрлэгчидтэй ойролцоо үнэ хэлвэл ТЭЦ-3-ыг шинэчилнэ.
–Эрчим хүчний үнийг нэмэгдүүлснээс хойш 500 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон. Үүний хэдэн хувийг салбарын бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан бэ?
-2024 оны 11 сарын 15-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хороо Эрчим хүчний үнийг нэмэгдүүлсэн. Би сайдын хувьд үүнийг дэмжихээс өөр аргагүй байсан. Учир нь манай эрчим хүчний салбар өртөгөөсөө доогуур үнээр борлуулаад, дампуурлаа зарлахад бэлэн байсан. Би сайд болоод хоёр удаа эрчим хүчний үнийг нэмэгдүүлсэн. Эхнийх нь 2022 оны 12 сарын дундуур. Өнгөрсөн жил эрчим хүчний үнийг нэмснээр 546 тэрбум төгрөгөөр эрчим хүчний компаниудын орлого нэмэгдэж орж ирсэн. Үүний 110 тэрбум төгрөгийг Шивээ-Овоо, Багануур, Шарын голын уурхайгаас эрчим хүчний нүүрс худалдаж авах үнийг нэмэгдүүлсэн. Тэгэхгүй бол уурхайнууд алдагдалтай ажиллаж зогсчих гээд байсан болохоор энэ санхүүжилтэд зарцуулсан. Түүний дараа 200 гаруй тэрбум төгрөгийг эрчим хүчний салбарын ТӨК-уудын ажилтнуудын цалингийн нэмэгдэлд зарцуулсан. Учир нь 2022-2024 онд ажилтнуудын цалинг эх үүсвэргүйгээр нэмээд явж байсан. Тэгэхгүй бол манай салбараас ажлаас гарах үзэгдэл хэт өндөр байсан. Эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг шийдэхэд 87 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа. Үүнээс гадна богино хугацаанд хуримтлагдсан өр төлбөрүүд бий. Тэдгээрт зарцуулсан. 2025 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд ямар хэмжээний орлого орж ирсэн, түүнийг хэрхэн зарцуулсан бэ гэдгийг олон нийтэд тайлагнана.
-Дулааны үнэ хэдэн хувиар нэмэгдэх вэ?
-Засгийн газрын 132 дугаар тогтоолоор 2025 оныг дуустал үнийг нэмэхээ хойшлуулах шийдвэр гаргасан.
-ТЭЦ–3-ын гэмтсэн турбины үйлдвэрлэж байсан цахилгааныг энэ өвөл хаанаас шийдэх вэ. Тог таслах уу?
-50 МВт-ын турбин гэмтчихээр цахилгааны 50 МВт дутагдаж таарна. Үүнийг нөхөх хэд, хэдэн шийдэл бодож олсон. Эхнийх нь, Бөөрөлжүүлтийн цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай хоёрдугаар блокийг 2025 онд багтааж ашиглалтад оруулъя гэдэг зорилт тавьж байна. Бид бүх талын дэмжлэгийг үзүүлж яваа. Түүнээс гадна Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод 70 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц баригдаж эхэлсэн. Үүнийг 11-12 сард багтаан ашиглалтад авахаар төлөвлөж байна. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 МВт-ын дулааны цахилгаан станцын эхний үе шат 22 МВт-ыг төвийн сүлжээнд холбосон. Энэ гурван эх үүсвэрээс дутагдаж байгаа 50 МВт-аа нөхнө. Бүр шаардлагатай бол БНХАУ-ын Өвөрмонголын эрчим хүчний системээс 80 МВт хүртэлх хүчин чадалтай цахилгаан эрчим хүч импортлоно. Холбогдох гэрээ хийгдсэн, есдүгээр сардаа багтаагаад техникийн холболтууд хийгдэнэ. Тиймээс цахилгааны хувьд 2025-2026 оны өвлийн их ачааллыг гайгүй давчих байх.
Ш.БҮЖИНЛХАМ






