
Энэтхэгийн Уттараханд муж Хималайн нуруунд байрлах тосгон уулнаас хүчтэй түрэн орж ирсэн үерийн усанд урсаж, багадаа 4 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн сураггүй алга болжээ. Цахим орчинд тархсан видео бичлэгээс уулнаас урсаж орж ирж буй үерийн ус замдаа таарсан барилга байгууламжуудыг сүйтгэж байгааг харж болох юм. Уттараханд мужийн сайд Пушкар Сингх Дхами гамшигт өртсөн бүс нутагт эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж эхэлсэн талаар мэдэгдсэн бол Ерөнхий сайд Нарендра Моди болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлж, бүх нөөц бололцоогоо ашиглан тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ амлажээ.
Энэтхэгийн Цаг уурын алба Уттараханд мужийн зарим нутагт их хэмжээний хур тунадас орж, үер усны аюулд өртөх эрсдэлтэй байгаа тул аюулын улаан түвшин зарлаад байгаа аж. 6-р сараас 9-р сар хүртэл үргэлжлэх борооны улирлаар Энэтхэгт үер усны аюул учирч, хөрсний нуралт үүсэх явдал элбэг байдаг ч уур амьсгалын өөрчлөлт, хотжилт зэргээс болж байгалийн ноцтой үзэгдлүүдийн давтамж, учруулах хор хохирлын хэмжээ улам нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд онцолжээ.






