
ХАМАС бүлэглэл нийслэл Иерусалим хоттой Палестин улс байгуулагдах хүртэл зэвсгээ хаяхгүй хэмээн мэдэгджээ. ХАМАС бүлэглэл, “Бидний үндэсний эрхийг сэргээж, нэн түрүүнд нийслэл Иерусалим хоттой бие даасан, бүрэн тусгаар тогтносон Палестин улсыг байгуулах хүртэл зэвсэгт мөргөлдөөн зогсох боломжгүй” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн ХАМАС бүлэглэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткоффын Газын зурваст өнгөрсөн долоо хоногт хийсэн айлчлал нь урдаас бэлдсэн, олон нийтийг төөрөгдүүлсэн жүжигчилсэн тоглолт байсныг онцолжээ. С.Уиткоффын айлчлал нь Газын зурвасын иргэдэд хоол хүнс тараах цэгүүд дээр Израилын цэргүүд иргэд рүү гал нээж, энгийн иргэдийн аминд хүрч буй тухай мэдээ мэдээлэл тасрахгүй байгаатай холбоотой байсан юм. НҮБ-ын мэдээлснээр хоол хүнс тараах цэгүүд дээр Израилын арми болон Gaza Humanitarian Foundation сангийн хөлсний цэргүүдийн нээсэн галд багадаа 859 палестинчууд амиа алджээ. ХАМАС бүлэглэл Вашингтоноос Газын зурвас дахь дайныг зогсоож, израилын цэргүүдийг тус бүс нутгаас гаргаж, Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж чөлөөтэй нэвтрүүлэх явдалд туслахыг шаарджээ. Газын зурвасын Эрүүл мэндийн яам дайн эхэлснээс хойш нийт 175 хүн тэр дундаа 93 хүүхэд хоол тэжээлийн дутагдлаас болж нас барсан тухай өнгөрсөн ням гарагт мэдээлжээ. НҮБ болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд Газын зурвасын хүн ам өлсгөлөнд нэрвэгдэж буй явдалд Израилыг буруутгаж байгаа юм. 2023 оны 10-р сарын 7-ноос хойш Газын зурваст амиа алдсан иргэдийн тоо 61 мянгад хүрч, 150 мянга орчим хүн шархдаад байна.






