
Чингэлтэй дүүрэг, Японы Шизоүка мужийн Яйзү хотын хамтын ажиллагааны хүрээнд өсвөрийн тамирчдыг дэмжих, нэгнээсээ суралцах уламжлалт нөхөрсөг тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил Японы Яйзү хотын ахлах сургуулийн шигшээ багийн 12 тамирчин Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх сагсан бөмбөгийн өсвөрийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийсэн байна.
Хоёр орны өсвөрийн тамирчид өчигдөр Чингэлтэй цогцолборт бэлтгэл хийхийн сацуу, үе тэнгийн нэгнээсээ туршлага судалж, сагсан бөмбөгийн спортын тухай, тоглох арга барил гээд олон зүйлээр ярилцаж нөхөрлөжээ. Харин өнөөдөр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороон дээр нөхөрсөг тэмцээнд оролцлоо. Хэдийгээр нөхөрсөг тэмцээн ч гэлээ хоёр орны залуу тамирчдын хувьд олон улсын хэмжээний өндөр түвшний тоглолт үзүүлж, 60:47 онооны харьцаагаар Монголын баг ялжээ. Энэхүү хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тэмцээн нь залуу тамирчдад бие биеэсээ суралцах, тоглох арга барил, тактик, бэлтгэл сургуулилтийн онцлогийг харьцуулах боломж олгосон тухай багийн дасгалжуулагч нар онцолсон юм.
















