
Иран улсын усан сангуудын нөөц буурч, 31 мужийнх нь 30 нь усны ноцтой хямралд орсны улмаас Ираны нийслэл Тегеран хотын дийлэнх дүүргүүд огт усгүй болох эрсдэлд оржээ. Ираны Ерөнхийлөгч Махмуд Пезешьян засгийн газрын хуралдаанаар яг одоо шуурхай арга хэмжээ авахгүй бол Ираны ард иргэд ирээдүйд шийдвэрлэх аргагүй асуудалд орох эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
10 сая орчим хүн амтай Тегеран хот хэдхэн долоо хоногийн дараа ямар ч усны нөөцгүй болох аюултай тулгараад байгаа ба асуудлын гол нь Ираны эрх баригчид олон арван жил усны буруу менежмент явуулсан явдал, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал зэрэгт оршиж байгааг усны инженерүүд онцолжээ. Түүнчлэн тус улсын нутаг дэвсгэр 5 дахь жилээ дараалан ган гачигт өртөж, энэ сард л гэхэд зарим газраа агаарын хэм цельсийн +50 хэмийг давжээ.
Усны хямралтай холбоотойгоор Ираны эрх баригчид ус түгээлтийн даралтыг 50 орчим хувиар бууруулсан нь Тегеран хотын нийт айл өрхүүдийн 80 хувьд нь нөлөөлж, олон давхар орон сууцны дээд давхруудад амьдардаг оршин суугчдын крантнаас ус гарахаа больсон байна.
Хотын удирдлагууд усны машинаар ус тарааж байгаа ба иргэд гэртээ ус нөөцлөх сав суурилуулж эхэлсэн байна. Иргэд дур мэдэн гүний худаг олноор гаргаж, газар тариаланд үр ашиггүй их ус зарцуулж, хотын усны хэрэглээг хяналтгүй орхисон зэрэг нь зарим мэргэжилтнүүдийн тодорхойлсноор усны хямрал бус усны дампууралд хүргэжээ. Тегеран хотын тасралтгүй нэмэгдэж буй хүн амын усны хэрэглээнээс болж хотын зарим хэсгийн хөрс жилд багадаа 25.4 см доош сууж байгаа аж.
Үүн дээр энэ онд Иранд олон жилийн дунджаас 40 гаруй хувиар бага хур тунадас орсон зэрэг нь нөлөөлж, Тегеран хотыг усаар хангадаг усан сангууд хүчин чадлынхаа 21 хувиар л ажиллаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Ираны эрх баригчид усны болон цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулахын тулд Тегеран хотод бүх нийтийн амралтын нэг өдрийг зарласан ба ойрын хугацаанд 7 хоногийн амралт зарлахаар төлөвлөжээ. Ингэснээр амралтын өдрүүдээр иргэд Тегеран хотоос хэсэг хугацаагаар гарч, усны хэрэглээ түр ч гэсэн буурах байх гэж найдаж байгаа аж.






