
Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийтдээ 180 мянган ААН үйл ажиллагаа явуулж, хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр ТАТВАР төлж байна. Та бидний төлсөн татвар Улсын нэгдсэн төсвийн нэлээд хэсгийг бүрдүүлж, гол суурь нь болдог.
Гэтэл жил бүрийн Улсын нэгдсэн төсвийг бүрдүүлж байгаа та бид биш Төсвийн ерөнхийлөн захирагчид буюу яам, агентлагийн дарга нар төлөвлөн, орлого зарлагыг нь удирдан зарцуулж байдаг. Эцэстээ татвар төлөгчид өглөө нар мандахаас үдшийн бүрий хүртэл ажиллаж, олсон орлогоосоо төлсөн татварынхаа үр шимийг амьдрах таатай орчин, хүндрэл чирэгдэлгүй төрийн үйлчилгээг авах ёстой боловч эсрэгээрээ хүнд суртал, уур бухимдал л хүлээж авдаг нь эмгэнэлтэй.
Улсын төсөв бол төрийн мөнгө биш, иргэн таны төлсөн татварын мөнгө.
Иймд өөрийн төлсөн мөнгөө ямар бүтээн байгуулалтад оруулах, аль салбарын үйл ажиллагааг сайжруулахад зарцуулах хүсэлтэй байгаагаа иргэн та цахимаар өгөх боломжтой боллоо.
2026 оны төсвийн төслийг эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдол бүхий саналуудаар боловсруулах, хүний хөгжил, боловсрол төвтэй төсвийн хэлэлцүүлгийг эрдэмтэн судлаачид, татвар төлөгчид, иргэдийн оролцоотойгоор нээлттэй зохион байгуулах үүргийг Ерөнхий сайд өглөө.
Засгийн газрын хуралдаанаар 2026 төсвийн төслийг боловсруулах явцад иргэд, олон нийтээс санал авах бөгөөд уг саналууд дээр үндэслэн 2026 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хийхээр боллоо.
Гэхдээ уг шийдвэр өнөөдөр л гарч байгаа бус 2023 онд Төсвийн тухай хуульд “… төсвийн төслийг боловсруулах үйл явцад олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулах” тухай заалт орсон. Харамсалтай нь хуулийн хэрэгжилтийг хангах төрийн байгууллагууд нь хэлэлцүүлэг хийдэг ч иргэд олон нийтийг нээллтэй хамруулж чаддаггүй. Иргэд ч энэ мэдээллийг бүрэн авч, саналаа тусгаж чаддаггүй өнөөдрийг хүрсэн.
2026 оны төсвийн хуулийг хэлэлцэх үе шат:
- 2026 оны нэгдсэн Төсвийн төсөлд төсвийн ерөнхийлөн захирагч болох аймаг, нийслэлийн Засаг дарга нар, УИХ-ын гишүүд, төрийн байгууллагуудын саналыг 7 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон авч дууссан байна. Ингэснээр төсвийн төслийг боловсруулах эхний үе шат дууссан аж.
- Хоёрдугаар шатны хэлэлцүүлэгт олон нийтийн саналыг нээлттэй авна. Сангийн яам хэлэлцүүлгийг зохион байгуулахад яам бүртээ хамтран ажиллаж, олон нийтийн саналыг авна. Олон нийтийн хэлэлцүүлгийг 8 дугаар сарын 1-15-ны өдөр хүртэл цахим хэлбэрээр зохион байгуулна. Ингэхдээ E-Mongolia, 11-11 утас зэргээр санал авах юм.
- Дараа нь Төсвийн ерөнхийлөн захирагч, санхүү төсвийн асуудал эрхэлсэн бүх албан тушаалтнуудыг оролцуулсан танхимын хэлэлцүүлэг зохион байгуулна.
- Ингээд 9 дүгээр сарын 1-нд 2026 оны Улсын нэгдсэн төсвийн төсвийг УИХ-д өргөн барина.
- 9 дүгээр сарын 15-нд УИХ-ын гишүүд төсвийн төсөлтэй танилцах хэлэлцүүлэг хийнэ.
- 10 дугаар сарын 1-нд УИХ-ын ээлжит чуулган эхэлмэгц анхны хэлэлцүүлэг явагдана.
Тиймээс 8 дугаар сарын 1-ээс эхлэн Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулж байна.
Татвар төлөгч хэн бүр 2026 оны төсвийн төсөлд саналаа өгөх боломжтой юм. .
Санал асуулгын цахим хуудас /Энд дарна уу/
2026 оны нэгдсэн Төсвийн төсөлд аймаг, нийслэлийн Засаг дарга нар, УИХ-ын гишүүд, төрийн байгууллагуудын ирүүлсэн саналыг тусгасан байна.
Уг төсөлтэй танилцана уу:











