
Дэлхийн оюутны Универсиад XXXII наадам нийт 12 өдрийн турш Герман улсын “Рейн Рур” бүс нутагт явагдаж спортын 18 төрөлд медалийн эздээ тодруулсан.
Монгол Улсаас спортын 9 төрөлд 100 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй баг Герман улсыг зориод ирлээ.
Байт харвааны тэмцээнд Монгол Улсаас Б.Баасанжаргалын удирдлага дор М.Энхбаяр, Ц.Цэнгүүн, А.Бат-Амар нар цэц мэргэнээ сорилоо. Тус тэмцээнд нийт 56 улсын 300 гаруй тамирчин өрсөлдсөн юм.
Бид Монголын багийн менежер Б.Баасанжаргалтай цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу? Багийн харваан дээр Молдавыг хожоод БНСУ-ын багтай таарсан. Онооны хувьд ойр зөрүүтэй хожигдсон. Дүгнээд хэлбэл Монголын тамирчдын тухайд хэрхэн тодорхойлож байна вэ?
-Сайн байна уу? Бид тэмцээндээ маш сайхан оролцлоо гэж бодож байна. Ер нь манай тамирчид их сайн оролцсон. Тэгээд Солонгосын хувьд бид сетийн оноогоороо нэг их хол зөрөөгүй, 2-3 онооны зөрүүтэй л өгсөн байгаа.
Цаашид боломж дүүрэн байна гэж харлаа. Хамгийн гол нь бэлтгэл хийх орчин нөхцөл жилийн 4 улиралд хангагдсан байх хэрэгтэй. Тэгэж байж л тасралтгүй бэлтгэл хийх суурь баазыг нь сайн бүрдүүлээд өгчихвөл ирээдүйд ялалт, амжилт ирнэ гэдэгт итгэлтэй байна.
-Бэлтгэл сургуулилтаа хангах орчин нөхцөл буюу суурь бааз чухал гэсэн үг үү?
-Манай Монголд хүүхдүүд маань нэг сарын хугацаанд л бэлтгэлээ хийсэн байгаа. Гадаа талбайд бид хэд өвлийн улиралд бэлтгэл хийхэд жаахан хүндрэлтэй талууд байдаг. Бусад орныхтой харьцуулахад тэд дулаан орныхон учраас жилийн 4 улиралдаа бэлтгэлээ бүрэн дүүрэн, далан метрийн зайндаа харваад хангачихдаг байгаа. Тэгэхээр ер нь бид нар нэг их хол зөрүүгүй, дараа удаагийн наадамд бид нарт маш том боломж байна гэж харж байна. Бид чансааны хувьд нэг их хол зөрөөд байхгүй, гол нь яг бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй юм байна.


Тамирчдынхаа ард баазыг нь сайн бүрдүүлж өгөх ёстой гэж бодож байна. Өвөл, зунгүй жилийн 4 улиралд далан метрийн зайндаа харваад бэлтгэлээ хийчихсэн байхад ер нь боломж байна.
-Солонгос бол яг энэ төрөлдөө хүчтэй өрсөлдөгчид. Яг тоглолтын талаар дүгнэвэл?
-Манай хүүхдүүд маш сайн оролцсон гэж бодож байгаа. Ерөнхийдөө дэлхийн бүх л тамирчид ижил түвшинд сайжирсан байна. Өмнө нь жаахан ийм ялгаатай тал анзаарагддаг байсан.


Мэдээж Америк, Солонгосчууд бол илт давуу байдаг. Тэгээд Япон, Хятадууд араас нь бичигддэг. Бүгд л илт давуу ижилхэн сайжирсан, мөн дээр нь нэлээн олон орон Солонгосоос багш, дасгалжуулагч урьж авсан байна. Иймээс л багууд Солонгос арга барилаар гэдэг юм уу яг тэгээд жигдхэн сайжирчээ. Тэгэхээр бидний хувьд ерөөсөө жилийн 4 улиралд далан метрийнхээ бэлтгэлийг сайн хийхэд боломж байна. Манай тамирчдад чадвар чадамжийн хувьд бусад орны тамирчдаас айхтар хол зөрүүтэй дутаад байх зүйл байхгүй байна л гэж ажиглалаа.
-Дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.
-Монголын спортын нийт баг бүрэлдэхүүнийг гоё базаж, өндөр зохион байгуулалт доор авч явсан Монголын Оюутны Спортын Холбооныхоо нийт бүрэлдэхүүн, дарга нартаа болон Удирдах зөвлөлийнхөндөө маш их баярлалаа гэж өөрийнхөө болон багийн тамирчдынхаа өмнөөс хэлье. Дээр нь тамирчдын маань ард, бидний ард байнга бат зогсож байдаг хүмүүс бол мэдээж манай ар гэрийнхэн, ээж аавууд минь байгаа. Тэгэхээр ээж аавууддаа, ар гэрийнхэндээ, эмээ өвөө нартаа бид нарыгаа дэмжсэнд маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна.


Мөн бид нарыг дэмжин ажилласан “Галт сум” клубын дасгалжуулагч Ө.Цэрэнмядаг, Ц.Дүүрэнбилэг захиралтай “Safe Tracк” ХХК, Н.Оюунгэрэл захиралтай “Лидерспортинг Монголиа” ХХК, “Бум бум” авто сервисийн хамт олонд маш их баярлалаа. Цаашдаа олон тэмцээн уралдаан дээр хамтарч ажиллах байх. Бид ч хичээх болно гэдгээ хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.












