
Энэ сарын 22-нд 76 насандаа өөд болсон Black Sabbath хамтлагийн дуучин, “Хэви металын загалмайлсан эцэг”, “Харанхуйн ханхүү” Оззи Озборнтой олон зуун мянган шүтэн бишрэгчид салах ёс гүйцэтгэжээ. Оззи Озборн агсны шарилыг сүүлчийн замд нь үдэх хүндэтгэлийн цуваа хөдөлж, Black Sabbath хамтлагийн сүүлчийн тоглолт болсон Бирмингем хотын цэнгэлдэх, түүний төрсөн гэрийн хажуугаар өнгөрчээ.
Зам дагуу цугласан Оззи болон Black Sabbath хамтлагийн шүтэн бишрэгчид хоёр хуруугаа гозойлгон Оззигийн нэрийн хуудас болсон “peace sign” гаргаж, Оззигийн нэрийг дуудаж, дуулсан дууг нь түрэн дуулж, гашуудлын цуваа руу цэцэгс шидэж байв.
Салах ёс гүйцэтгэх ёслолд Оззи Озборн агсны гэргий Шэрон болон түүний хүүхдүүд оролцсон ба Шэрон Озборн хүзүүндээ нөхрийнхөө хуримын бөгжийг зүүсэн байв. Энэ сард Оззи Black Sabbath хамтлагийн сүүлчийн тоглолтод оролцож, хамтлагийнхаа болон соло уран бүтээлээсээ толилуулсан билээ.
2002 онд тэрээр гэр бүлийнхнийхээ хамт The Osbournes нэртэй реалити шоунд тоглосноор бүр ч олон шүтэн бишрэгчтэй болсон юм.






