
Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдэд YouTube платформыг ашиглахыг хэсэгчлэн хоригложээ. Австралийн засгийн газрын шийдвэрийн дагуу өсвөр насныхан YouTube платформоор видео үзэж болох ч хүүхдүүдэд YouTube аккаунт нээж, аккаунтаараа тус платформд видео бичлэг байршуулах, бусад аккаунтуудтай харьцахыг нь хориглох аж.
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез, “Нийгмийн сүлжээ нь бидний хүүхдүүдэд нийгмийн хор хохирол үзүүлж байна. Австралийн засгийн газар эцэг эхчүүдийн талд зогсож байгаа гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Засгийн газрын гаргасан шийдвэр цорын ганц шийдэл биш ч ямар ч байсан өөрчлөлт авчирна.” хэмээн мэдэгджээ.
Австралийн цахим аюулгүй байдал хариуцсан комиссар Жюли Инман Грант 10-15 насныхны дунд хамгийн их хор хөнөөлтэй контент үзүүлдэг платформуудын нэг нь YouTube платформ болохыг онцолсон бол Youtube компани дараа дараагийн алхмуудаа боловсруулж, Австралийн засгийн газартай хамтран ажиллана гэжээ.






