
2025 оны төсвийн тодотголоо батлаад удаагүй байхад 2026 оны төсөвтэй холбоотой асуудал үүсэж байна. Орлого хүрэхгүй учраас төсвөө тодотгож байхад тойргийн 15 тэрбумын лобби хийж буй асуудал үүсэж буй шалтгаан юу вэ?
– Гол шалтгаан нь энэ жилийн хувьд өдөр бүр гадаад нөхцөл байдал, ялангуяа уул уурхайгаас хамааралтай эдийн засгуудын хувьд төсөөлөхөд маш тодорхойгүй байдлууд их давамгайлж байна. Монгол Улсын эдийн засаг ч уул уурхайгаас хаамааралтай учраас энэ нөлөөлөл мэдрэгдэж байна. Тиймээс бид 2025 оны төсөвтөө 2 ч удаа тодотгол хийлээ.
Энэ оны эхний 2 улиралд тодотгол хийсэн бол 1-2 тэрбумаар хийх байсан бол сая хагас жилээр 3,3 ихнаядаар тодотголоо хийлээ. Энэ удаагийн 9 сарын 1-нд өргөн барих 2026 оны төсөв нэлээн хумигдаж орж ирнэ. Сая хийсэн тодотголоор батлагдсан төсвийнхөө сууриар ирэх жилийн төсөв орж ирнэ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара гишүүдийг энэ төсвийн төлөвлөлтийг яг ид хэлэлцэж байх үеэрээ нэг гишүүнээс 15 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх саналыг лоббидож байна гэдэг агуулгыг ярьсан л даа. Энэ үнэн үү?
– Төсөв өөрөө Үндсэн хуулиараа 3 үе шаттай явдаг. Төсвийг төлөвлөх үүрэг нь Засгийн газарт, төсвийг батлах үндсэн эрх, үүрэг нь Улсын Их Хурал дээр, нэгэнт УИХ-аас батлаад хууль болгоод гаргачихсан төсвийг биелүүлэх гүйцэтгэх үүрэг нь Засгийн газар дээр ирдэг гэсэн үг. Тэгэхээр ямар процесс явж байна вэ гэхээр яг 2026 оны төсвийн хувьд яг төлөвлөх шат нь явж байна.
Төлөвлөх шатад бид УИХ-ын гишүүдээс, мөн яамдуудаас, мөн иргэдээс ч хүртэл санал авах ийм үүрэгтэй. 2023 онд Төсвийн ерөнхий хуульд орсон өөрчлөлтөөр “Төсвийг төлөвлөх шатдаа олон нийтийн оролцоог хангах” гэдэг үндсэн агуулгатай заалт орсон байдаг. Энэ заалт нь 9 сарын 1-нд төсвийг өргөн барихаас өмнөх 14 хоногийн хугацаанд төсвийг төлөвлөх шатад бий болсон төслөө олон нийтэд ил болгон, танилцуулж олон нийтээс санал авах ийм үүргийг Засгийн газар авсан байдаг.
Тэгэхээр УИХ-ын гишүүд төдийгүй олон нийтээс ч санал авах хугацаа явж байгаа гэсэн үг. Ялангуяа УИХ-ын гишүүдийн хувьд төсөвт санал өгөх, иргэд сонгогчдынхоо хүсэлтийг уламжлах, хөрөнгө оруулалтын болон төсвийн урсгал зардлын хувьд ямар шаардлагууд байна энэ бүгдийг уламжлах иймүүрэгтэй хүмүүс. Тийм ч учраас үүнэд нь Засгийн газархүндэтгэлтэй хандаж, гишүүдээс ирж байгаа саналыг авч судлах үүрэгтэй.
УИХ-ын гишүүд тойргоос сонгогдсон учраас л саналуудаа 15 тэрбумд багтаан өгөх боломжтой гэсэн үг үү? Тэдний саналууд нь ямар шалгуур давсан байх ёстой вэ?
– Тэгэхээр Засгийн газар төсвөө төлөвлөхдөө тодорхой 5-6 шаардлагыг байнга харж байх ёстой. Нэгдүгээрт, энэ 4 жилийн төлөвлөгөө, тухайн жилийн хөгжлийн төлөвлөгөө, мөн Мөрийн хөтөлбөр, засгийн газрын бодлогуудад тусгасан бичиг баримт маш чухал суурь болох ёстой. Дээрээс нь “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” руугаа бид шилжсэн. Тийм учраас гишүүдээс ирж байгаа санал Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөртэйгээ яв цав нийцэх ёстой.
Мөн микро түвшинд Төсвийн хуультай нийцэх ёстой. Уг төсвийн хуульд төсөвт санал оруулж байгаа төслүүд зураг төсөвтэй, ТЭЗҮ нь батлагдсан, төсөв нь сүүлийн 2 жил магадлангаар ороод шинэчлэгдсэн байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьдаг. Эдгээр шаардлагуудыг хангасан төслүүдийг л Засгийн газарт хүргүүлнэ. Засгийн газар ийм төслүүдийг л саналын түвшинд хүлээж авна.
Тэгэхээр УИХ-ын гишүүдээс, төсвийн шууд болон ерөнхий захирагч нараас ирж байгаа саналууд бүгдээрээ шууд төсөв дээр сууна гэдэг ойлголт байхгүй. Дээрх олон шалгууруудыг давж байж төсвийн төсөлд орногэсэн үг. Ингээд төсвийн төсөлд саналуудаа тусгаад Засгийн газар 9 сарын 1-нд УИХ-д өргөн барих үүрэгтэй.
УИХ-ын гишүүд төсөв болон ямар ч хуульд ямар ч шатанд нь санал өгөх эрх, үүрэгтэй. Төсөв гэдэг нь хууль. Төсвийн хууль болж батлагддаг. Тийм учраас хэлэлцэх, төлөвлөх шатад нь УИХ-ын гишүүд тойргоосоо буюу ард түмний төлөөлөл болсон олон бүтцүүд бий. Аймаг, сумын Иргэдийн хурал. Тэнд ч байгаа бас төсөв яригдана. Томоохон төслүүдийг УИХ руу танилцуулах улсын төсөвт тусгуулаар саналууд маш их яригддаг. Энэ бүгдийг уламжлах тэр дуу хоолой нь болох үүрэг нь энэ УИХ-ын гишүүдэд байдаг.
Гагцхүү Засгийн газар дээр тавигдаж байгаа УИХ-д өгсөн үүргийн дагуу дээрх олон шаардлагуудыг л давсан төслийн санал байх ёстой. 9 сарын 1 болтол бас сар гаруйн хугацаа байна. Энэ хооронд УИХ-ын гишүүд, яамдууд, ард иргэдээс ирсэн саналуудыг боловсруулах шаардлагад нийцүүлж бэлэн болгоод дээрх хугацаандаа өргөн барихаар Засгийн газар ажиллаж байна.






