
Дэлхийд чансаагаараа гуравт эрэмбэлэгдэж буй “The MongolZ” баг Герман улсад зохион байгуулагдаж буй олон улсын томоохон тэмцээн болох “IEM Cologne 2025”-д өрсөлдөж байгаа билээ. Тэд 2025 оны 7-р сарын 27-ны өдөр Саудын Арабын Team Falcons багийг 2:0 харьцаатай хожиж, тус тэмцээнд шөвгийн наймд (playoffs) шалгарсан анхны Ази баг болсон юм.
Уг тэмцээн нь Counter-Strike 2 (CS2) төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн шилдэг 6 баг LAN форматаар өрсөлдөж буй.
“The MongolZ” баг “3DMAX” багийг 2:0, “Team Falcons” багийг 2:0 харьцаатайгаар хоёр дараалан ялалт байгуулснаар зөвхөн групп шатнаас шалгараад зогсохгүй, шөвгийн наймд хэсгийн тэргүүн байраар оролцох эрхтэй болсон.
“The Mongolz” 2025.07.29-нд Германы цагаар 14:00, Монголын цагаар 22:00, “Team Vitality” багтай тоглох бөгөөд хожсон тохиолдолд шөвгийн дөрөв буюу хагас шигшээ шат руу шууд шалгарах юм.
“Team Vitality” нь Европын топ баг бөгөөд одоогийн байдлаар дэлхийд чансаагаараа нэгт жагсаж буй. Хоёр багийн хувьд энэ оны эхээр болсон “BLAST.tv Austin Major 2025” тэмцээний финалд таарч 1:2 харьцаатай “The Mongolz” дийлдэж байсан юм.
Монгол багийн амжилттай тоглолтууд зөвхөн дотоодын биш, дэлхийн анхаарлыг татаж байгаа бөгөөд HLTV.org, Bo3.gg зэрэг мэргэжлийн сайтууд тэднийг “Хамгийн хурдан ахицтай өсч буй баг” хэмээн онцолж байна.








