
ОХУ шатахууны үнийн хөөрөгдөлтэй тэмцэх үүднээс ойрын хугацаанд шатахууны экспортдоо хориг тавихаар төлөвлөжээ. Энэхүү хориг нь шатахуун үйлдвэрлэгчдэд ч хамаарах аж.
Өнөөдрийн байдлаар ОХУ-ын шатахууны экспортын хязгаарлалт зөвхөн дамлан борлуулагчдад үйлчилж байгаа ба газрын тосны компаниудад гадны улсад шатахуун экспортлохыг зөвшөөрсөн хэвээр байгаа юм.
Зарим эх сурвалжуудын мэдээлснээр шатахууны экспортын хоригийн тухай шийдвэрийг ирэх даваа гарагт танилцуулж магадгүй ба хориг Евразийн эдийн засгийн холбооны улс орнууд, ОХУ-аас шатахуун импортлох улс хоорондын гэрээтэй Монгол зэрэг улс орнуудад үйлчлэхгүй аж
Сүүлийн 2 жилд ОХУ-ын засгийн газар шатахууны экспортод хэд хэдэн удаа хориг тогтоож байсан юм. Ерөнхий сайдын орлогч Александр Новак энэ сарын эхээр шатахууны экспортыг цаашид хязгаарлах шаардлагатай эсэхийг шийдэхийн тулд ОХУ-ын засгийн газар шатахууны зах зээлийн үнийн судалгаа хийнэ хэмээн мэдэгдсэн юм.
Өнгөрсөн долоо хоногоос ОХУ-д шатахууны үнэ нэмэгдсээр байгаа ба АИ-95 бензины үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, 1 тонн нь 962.69 ам.доллар болсон байна.
ОХУ жилд 40 сая гаруй тонн шатахуун үйлдвэрлэдэг ба ОХУ-ын шатахууны хамгийн том импортлогч орнууд нь Египет, Турк хоёр улс юм.
2025 оны эхний 5 сард ОХУ-ын шатахууны экспорт 25 хувиар нэмэгджээ.






