
Их Британийн Лондон хотод байрладаг “Skytrax” олон улсын агаарын тээврийн зөвлөх, үнэлгээний компани нь 1989 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жил бүр зорчигч үйлчлүүлэгчдийн саналд тулгуурлан дэлхийн агаарын тээвэрлэгч нарыг үнэлж, 1-5 одны зэрэглэл олгодог байгууллага юм.
Тус компанийн зүгээс 2025 онд хамгийн өндөр ахиц дэвшил гаргасан 10 агаарын тээвэрлэгчийг албан ёсоор зарлалаа. Энэхүү жагсаалтыг 650 гаруй агаарын хөлөгтэй Тайванийн “Starlux” компани тэргүүлсэн бол түүний араас Италийн “ITA Airways”, Хонконгийн “HK Express”, Германы “Eurowings” зэрэг нислэгийн асар өргөн сүлжээтэй, агаарын хөлгийн тоо ч цөөнгүй агаарын тээвэрлэгчид нэрлэгдсэн байна.
Харин жагсаалтын 7-р байрт Монгол Улсын төрийн далбаа тээвэрлэгч МИАТ ТӨХК нэрлэгджээ. Skytrax-ийн гаргасан мэдээлэлд МИАТ компанийг Боеинг 787-9 агаарын хөлөгтэй болсноор Истанбул, Франкфурт зэрэг холын зайн нислэгүүдээ илүү тав тухтай үйлдэх боломжтой болсны дээр, орон нутгийн болон олон улсын нислэгүүд нэмэгдэж, цар хүрээгээ тэлж хурдацтай ахиж дэвшиж байна гэжээ.
Мөн “Нэгэн цагт жижиг агаарын тээвэрлэгч гэгддэг байсан МИАТ компани өдгөө дэлхийд танигдсан том тоглогч болох алхмаа эхлүүлжээ” хэмээсэн байна.






