
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сэлбэ голын ай сав дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Бүх нийтийн цэвэрлэгээг хог тээвэр, зам талбайн үйлчилгээ хариуцсан байгууллагууд, хорооны тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч, иргэдийн бүлэг зэрэг 300 гаруй хүний бүрэлдэхүүн, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр хоёр өдөр цэвэрлэж буй.

Сүхбаатар дүүргийн менежер Э.Чинзориг:
Манай дүүрэг Сэлбэ голын ай сав дагуу цэвэрлэгээг өчигдөр /2025.07.24/ эхлэн эхний 150 хүн цэвэрлэгээгээ хийж, өнөөдөр /2025.07.25/ үлдсэн хэсгийг цэвэрлэж байна. Сэлбэ гол нь бусад газруудыг бодвол ирэх хүмүүсийн тоо нь цөөн боловч ойролцоох айл өрхүүд, байнга ирж архидан согтуурдаг иргэдээс үүдэлтэй хог гол дагуу их үзэгддэг. Бид тогтмол цэвэрлэгээгээ хийдэг. Өнөөдрийн хувьд захирамжийн дагуу нэгдсэн байдлаар дахин цэвэрлэж байна.
Цэвэрлэгээ өнөөдөр өглөө 10:00 цагт эхэлсэн бөгөөд Сэлбэ гол дагуу цэвэрлэгээ хийж буй ажилтнаас нөхцөл байдлын талаар тодрууллаа.


Сүхбаатар дүүргийн Тохижилт үйлчилгээний зам талбайн үйлчлэгч Х.Долгоржав:
Миний хувьд Сүхбаатар дүүргийн зам талбайн үйлчлэгчээр ажиллаад 11 жил болж байна. Зам талбайн үйлчлэгчид хүмүүсийг хоггүй цэвэр орчинд амьдруулах зорилготой. Гэтэл хүмүүс тэгж боддоггүй бололтой. Идэж уусан зүйлсийнхээ хогийг тоох ч үгүй хаяад явна. Зуны улиралд архи, тамхины хог дүүрэн, өвөл бол ойр хавийн айлууд үнсээ их хаяна, хогоо ил шатаана. Уг нь өөрсдөөс нь шалтгаалах зүйл их бий.


Сүхбаатар дүүргийн цэвэрлэгээний үеэр гол дагуу хагарсан дугуй, пивоны сав, тамхины иш, гялгар тор гэх мэт зүйлс түгээмэл харагдаж байв. Мөн нэг иргэн Сэлбэ гол дагуу машинаасаа буугаад бие засаж буй дүр төрхтэй ч таарав.
Иймд иргэд та бүхэн голын эрэг дагуу амарч, зугаалахдаа хог хаягдлаа зориулалтын хогийн цэг дээр хаяж хэвшихийг уриалж байна.








