
Уудам хангай цээжинд, үл хөдлөгч уулсын энгэрт, нэгэн онцгой газар бий. Тэр бол Төв аймгийн Борнуур сумын нутагт, Улаанбаатараас 100 гаруй км зайд орших Аглаг Бүтээлийн хийд. Энд хүрч очсон хүн бүрийн сэтгэлд нэг л мэдэхэд тайвшрал, сонирхол, бишрэл, урам зориг зэрэг олон мэдрэмж зэрэгцэн төрдөг. Учир нь энэ хийд зөвхөн шашны газар бус, байгаль, сүсэг бишрэл, урлагийн уялдаа төгс илрэл болон сүндэрлэжээ.
Аглаг бүтээлийн хийдийг нэрт лам, соён гэгээрүүлэгч Бурханч лам Г.Пүрэвбат өөрийн гараар, сэтгэлийн угаас босгожээ. Гэхдээ энэ хийдийг барихдаа уул хад, мод чулууг эвдэж, булж, цөлмөөгүй. Харин ч эсрэгээр байгалийн зүй тогтлыг олж, “ярилцаж” бүтээсэн гэдэг.
Хийдийн зам дагуу хадны нүүрэнд амилсан арслан, луу, гарьд, сахиусны дүрсүүд чамгүй олон. Зарим нь яг л чулуу өөрөө амилж, сүнстэй болсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Мөн Буддагийн дүр бүхий чулуун баримлууд, тарни шившлэгийг хадгалсан бичээснүүд чимээгүйхэн ажин зогсох мэт ээ. 







Аглаг хийд рүү хийх аялал бол зөвхөн газарзүйн нэг цэгт хүрэх явдал биш. Энэ бол дотоод ертөнц рүү хийх аялал юм. Алхаж явах замдаа уужим тал, сүрлэг хад, нам гүм ой мод, эгц өгсүүр уулын бэлд зогсож, өөрөөсөө асуулт асуух мөчтэй тулгарна.
“Би хэн бэ?”, “Яах гэж энэ замыг туулж байна вэ?” гэх мэт асуулт аяндаа төрнө. Энэ бол Аглагийн жинхэнэ зорилго.
Хийдийн төвд байрлах сүмд орвол чимээ аниргүй орчинд сүсэгтэн, аялагч хоёрын ялгаа арилж, зөвхөн нэг л зүйл сэтгэлийн амар амгалан үлдэнэ. Урлаг ба сүсэг бишрэлийн нэгдэл Аглаг хийд бол урлагийн бүтээл.
Гэхдээ үзэсгэлэнд өлгөгддөг зураг биш, харин амьтай мэт мэдрэгддэг, агаарт шингэж үлддэг байгаль дунд оршдог урлагийн бүтээл юм. Урлахуйн ухааны 36 төрлийг дахин сэргээсэн цорын ганц шашны төв билээ.













