
Өрөг.мн сайтын зүгээс:
“Увс аймгийн Тариалан сумын 100 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны үеэр уралдах замд нь жалга таарч уралдаанч хүүхэд болон морьд унаж байгаа бичлэг цахим орчинд тархаад буй. Энэ талаар бид холбогдох газруудаас тодруулах гэж аймгийн Засаг дарга С.Батжаргал, ИТХ-ын дарга П.Баттулга, Увс аймгийн Хүүхэд Гэр Бүлийн, Хөгжил, Хамгааллын газар гэх мэт газрууд руу удаа дараа залгасан ч утсаа авахгүй байв”
Харин Увс аймгийн Хүүхэд Гэр Бүлийн, Хөгжил, Хамгааллын газар өөрийн цахим хуудаснаа:
“Увс аймгийн Тариалан сумын 100 жилийн ойн баяр наадмын 9 насны морьдын уралдаанд 350 гаруй хурдан морь уралдаж 80 гаруй уралдаанч хүүхэд уралдлаа. Тариалан сумын уралдаан зам жалгатай, тоосжилт ихтэйн улмаас нийт 12 хүүхэд мориноос унасан боловч ямар нэгэн гэмтэл бэртэлгүй байна. (Телевизийн шууд дамжуулалтаар гарсан) соёолон насны морьдын уралдаанд чиглүүлэгч машины буруутай үйлдлээс болж жалга руу орж 8 хүүхэд унасан. Хүүхэд хамгааллын баг газар дээр нь ажиллаж ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан бөгөөд эцэг, эх, уяачид нь хүлээлгэн өгсөн гэх мэдээг нийтлээд устгажээ” гэх мэдээллийг 2025.07.23 өдөр нийтэлж байв.
Энэхүү мэдээ тавигдсанаас хойш бид Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал, Увс аймгийн Тариалан сумын засаг дарга З.Тэгшжаргал, Хурдан морь зохион байгуулах комисс хариуцсан Увс аймгийн Тариалан сумын Тамгын газрын байгаль хамгаалагч Ч.Цогоо нараас тус үйл явдалтай холбоотой мэдээллүүдийг авсан юм.
Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал:
Бидний зүгээс наадам болж буй бүх сумуудад зөвлөмж бичиг хүргүүлсэн. Тиймээс сум тус бүрийн баяр наадам зохион байгуулах комисс аюулгүй байдал болоод зохион байгуулалт тал дэр анхаарч ажиллах шаардлагатай байсан. Гэвч Тариалан сумын 100 жилийн ойн баяр наадмын соёолон насны морьдын уралдааны үеэр 8 хүүхэд жалга руу унасан гэх мэдээлэл ирсэн. Үүний дагуу бид холбогдох хүмүүст хариуцлага тооцно.
Увс аймгийн Тариалан сумын засаг дарга З.Тэгшжаргал:
Хурдан морины уралдааныг энэ зам дээр олон жил зохион байгуулж байна. Соёолон насны морьд уралдсан замаар өмнө нь Азарганы уралдаан болсон. Тухайн үед нэг ч хүүхэд жалга руу унаагүй. Харин чиглүүлэгч машинаа дагалгүй буруу замаар орж 8 хүүхэд унасан. Эл явдал болох үед сумын түргэн тусламжийн газар яаралтай үзлэг хийхэд гэмтэж бэртсэн хүүхэд байгаагүй. Уяачид болон гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгсөн. Одоогоор унасан болоод уралдсан хүүхдүүдийн ар гэрээс ямар нэг гомдол ирээгүй. Бидний хувьд энэ асуудалтай холбоотойгоор Уяачдын холбоог хариуцаж буй хоёроос гурван хүнд сахилгын шийтгэл болоод торгууль оногдуулах үүргийг сумын Тамгын газарт хүргүүлсэн.
Увс аймгийн Тариалан сумын Тамгын газрын байгаль хамгаалагч Ч.Цогоо:
Яг соёолон насны морьдын уралдааныг би дагаагүй. Гэхдээ чиглүүлэгч машинаа дагаагүйгээс болж уралдаанч хүүхдүүд буруу зам руу орж жалга руу унасан.
Холбогдох газруудаас асуухад ийм хариулт өглөө. Эцсийн үр дүндээ чиглүүлэгч машинаа дагаагүй уралдаанч хүүхдүүдийн буруу болж таарав уу? гэмтэлгүй өнгөрсөнд нь баярлаад баяр наадмаа үргэлжлүүлээд дуусгав уу? Ямартай ч аймаг сумууд баяр наадмаа зохион байгуулахдаа уралдаанч хүүхдийн хувцас хэрэглэл дээр нь голчлон анхаарахаас илүү уралдаж буй замыг нь мөн анхаарвал зохистой гэдгийг эл үйл явдал харуулж байна.
[/vc_column_text][/vc_column][/vc_row]






