
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл өнгөрсөн 12-р сард цэргийн онц байдал зарлахаас өмнө өнгөрсөн 11-р сарын сүүлээр БНСУ-ын Цэргийн тагнуулын албаны ажилчид Монгол дахь БНАСАУ-ын элчин сайдын яамтай холбогдохыг оролдсоныг тусгай прокурор Чо Ын Сокийн удирдсан мөрдөн байцаагчид тогтоожээ. Мөрдөгчид Өмнөд Солонгосын тагнуулууд Хойд Солонгостой үгсэн хуйвалдахыг оролдсон эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
БНСУ-ын цэргийн тагнуулын албаныхны Монгол улсад явуулсан ажиллагааг гаднын иргэдтэй эсвэл гадаадын засгийн газартай үгсэн хуйвалдсан гэж тодорхойлж болох эсэх, үүнийг гаднын улсыг түрэмгийлэлд өдөөн хатгасан хэрэг үүсгэх урьдчилсан нөхцөлд тооцож болох эсэхийг тусгай прокурор Чо Ын Сокийн баг судалж байгаа аж.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байрлах БНАСАУ-ын элчин сайдын яамны ажилчидтай холбоо тогтоохыг оролдсон БНСУ-ын Цэргийн тагнуулын хоёр албан хаагчийг Монголын тагнуулын ерөнхий газрын ажилчид Юн Сүк Ёлыг цэргийн онц байдал зарлахаас 10 хоногийн өмнө саатуулжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр саатуулагдсан хоёр тагнуулч нь Хойд Солонгос улсын талаар тагнуулын мэдээлэл цуглуулах ажлыг хариуцдаг байсан ба гадаадын улс оронд томилолт хийхийг хориглосон шийдвэрийг үл харгалзан Монгол улс руу зорчиж Хойд Солонгосын элчин сайдын яамтай холбогдохыг оролджээ.
Юн Сүк Ёлын цэргийн онц байдал зарласан хэрэгт холбогдсон Цэргийн тагнуулын албаны дарга асан Ро Сан Вон тэмдэглэлийн дэвтэртээ “Хойд Солонгосыг довтлохыг өдөөн хатгах” гэж бичиж тэмдэглэсэн байсан нь ч мөн сэжиг төрүүлж байгаа аж.
Өмнөд Солонгосын Цэргийн тагнуулын албаны Монголд явуулсан ажиллагааг прокурор БНСУ-ын тухайн үеийн эрх баригчид гаднын иргэд, гаднын улстай үгсэн хуйвалдахыг оролдсоныг илтгэх чухал нотлох баримт хэмээн үзэж байгаа ба Юн Сүк Ёл Пхеньянтай хуйвалдаж, цэргийн онц байдал зарласныгаа зөвтгөхийг оролдсон нь тогтоогдвол шүүгдэгчдийн хавтаст хэрэгт гаднын улсыг түрэмгийлэлд өдөөн хатгасан хэрэг нэмэгдэх юм. БНСУ-ын хуулиар гаднын улстай үгсэн хуйвалдаж, БНСУ-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулсан, БНСУ-ын эсрэг байлдсан этгээдэд цаазаар авах ял эсвэл тодорхойгүй хугацаагаар хүнд хөдөлмөр эрхлүүлэн хорих ял оноодог.
Хангёре сонинд бичсэнээр БНСУ-ын зэвсэгт хүчний нисгэгчгүй нисэх төхөөрөмж хариуцсан албаны тэргүүн Ким Ён Дэ таван албан хаагчдадаа тусгай даалгавар өгсөн нь Юн Сүк Ёлын тушаалаар Хойд Солонгос руу дрон хөөргөх ёстой байсан байж болзошгүй гэж мөрдөгчид таамаглаж буй.






