
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцлээ.
Өмгөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалангийн биеийн байдал тааруу байгаа тул цагдан хорих арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг гаргасан юм. Шүүх хүсэлтийг хүлээн авч, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгаланг ял шийтгэгдсэн хэргийг хүчингүй болсон тул эрүүл мэндийн байдлыг харгалзан хилийн хориг тавьж суллахаар болов.
ЕТГ-ын дарга асан З.Энхболдын хилийн хоригийг хэвээр үлдээж, уг хэргийг прокурорт буцаах шийдвэрийг шүүхээс гаргалаа.
Хэргийн талаар эргэн сануулахад,
З.Энхболд, Б.Энх-Амгалан нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр бусадтай үгсэн тохиролцож, улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт холбогдсон юм.
Анхан шатны шүүхээс З.Энхболдод холбогдох үйлдлийг цагаатгасан бол Б.ЭнхАмгаланд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноосон.
Харин давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэн, хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тэгвэл Улсын дээд шүүх уг хэргийг хяналтын шатын шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болсон юм.
ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд хамаарал бүхий “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” компанид давуу байдал бий болгохын тулд 2019 онд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.ЭнхАмгаланд нөлөөлж, ашигтай шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдсон. Тэднийг “нүүрсний” гэх хэргийн хүрээнд яллагдагчаар татсан юм.






