
Их Британийн Henley & Partners фирмээс жил бүр дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой улс орнуудыг шалгаруулж, жагсаадаг билээ. Энэ удаагийн жагсаалтыг дэлхийн 227 улсаас 193-т нь визгүй зорчих эрхтэй Сингапур улсын паспорт тэргүүлжээ.
Дэлхийн хамгийн хүчирхэг паспортын эзэн болох хүсэлтэй гадаадын иргэд нь Сингапурт багадаа 2 жил амьдарсан байх ёстойгоос гадна Сингапур улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж, эрэгтэй бол Сингапур улсын зэвсэгт хүчинд хугацаат цэргийн албыг заавал хаасан байхыг шаарддаг аж.
БНСУ-ын паспорттой иргэд 227 улсаас 190-д нь визгүй зорчдогоороо жагсаалтын хоёрт, 189 улсад визгүй зорчих эрхтэй Дани, Франц, Герман, Ирланд, Итали, Испани болон Финляндын паспорт жагсаалтын гуравт бичигджээ.
Австри, Бельги, Люксембург, Нидерланд, Норвег, Португал, Швед улсын паспортыг эзэмшигчид 188 улсад визгүй зорчдогоороо жагсаалтын дөрөвт, 187 улсад визгүй зорчих эрхтэй Грек, Швейцар, Шинэ Зеландын паспорт тавд бичигджээ.
Их Британи улсын паспорт өнгөрсөн жилийнхээс нэг байраар ухарч жагсаалтын зургаад, Австрали, Чех, Унгар, Мальта, Польш улсын паспорт долоод, Канад, Эстони, Арабын Нэгдсэн Эмират улсын паспорт наймд тус тус бичигджээ.
Арабын Нэгдсэн Эмират улсын паспортын хувьд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 34 байраар урагшилсан бол 2015 онд жагсаалтын 94-т байсан БНХАУ-ын паспорт энэ удаагийн жагсаалтад 60 дээр бичигджээ.
Жагсаалтын есөд Хорват, Латви, Словак, Словенийн паспорт бичигдсэн бол 2014 онд уг жагсаалтыг тэргүүлж байсан АНУ-ын паспорт жагсаалтын аравт Исланд, Литва зэрэг улсын паспорттой бичигджээ.
Нөгөө талаас жагсаалтын хамгийн сүүлд буюу 99-д дэлхийн 25 улсад л визгүй зорчих эрхтэй Афганистан улсын паспорт, 98-д дэлхийн 27-д улсад визгүй зорчих боломжтой Сири улсын паспорт, 97-д 30 улсад визгүй зорчдог Ирак улсын паспорт тус тус бичигджээ.
Харин Монгол улсын иргэдийн хувьд дэлхийн 65 улсад визгүй зорчдогоороо жагсаалтын 72-т бичигдсэн байна.
Эх сурвалж: edition.cnn.com






