
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж Ерөнхий сайд Г.Занданшатар хар тамхины асуудлыг тухайлан хэлэлцүүлж доорх үүрэг, чиглэлийг холбогдох газруудад өглөө.
Нэг. Ялын бодлогыг чангатгах хууль эрх зүйн орчныг чангатгах, Мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих хуулийг шинэчлэх Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж ялын төрлийг нэмэх,
Хоёр. Хар тамхитай тэмцэх бие даасан тусгай албыг байгуулж чадавхжуулах, Гадаад улсуудын тусгай албатай хамтран ажиллах, хар тамхины худалдааг таслан зогсоох тусгай ажиллагааг зохион байгуулах,
Гурав. Нийслэл аймгуудад бүх талын нөлөөллийн ажиллагааг зохион байгуулах, хяналтыг сайжруулах, олон нийтийн цэнгээний газар зэрэг эрсдэлтэй цэгүүдэд үнэлгээ хийж хяналтад авах, Хил гаалийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүргийг холбогдох газруудад өгчээ.
Засгийн газрын уг шийдвэр гарснаар:
- Хар тамхины хэргээр ялын бодлогыг чангалж,
- Бие даасан нэгжийн бүтцээр гаднын улсуудтай хамтран ажиллаж,
- Хил гааль тэргүүтэй байгууллагуудын хяналтыг чангатгаж, эрсдэлтэй цэгүүдэд байнгын хяналт тавих нөхцөл бүрдэнэ гэж тооцсон байна.
УИХ-ын гишүүн асан П.Цэрэнпунцаг, “Таван богд” группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, ЦЕГ-ын дарга асан Ж.Болд нарын хүүхдүүдийн холбогдсон хэрэг олон нийтийн анхаарлыг татаж, хар тамхи хэрэглэсэн үедээ үйлдсэн байж болзошгүй гэх хэргийн тухайд л гэхэд, залуус хар тамхины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Гэтэл далд байсан хар тамхины хэрэг даамжирч, олны анхаарлын төвд орсон ч холбогдох албаныхан дорвитой алхам хийж чадахгүй явсаар байгаа юм. Учир нь энэ асуудлын цаана төрийн томчууд явдаг гэх яриа бий.






