
Төвөдийн Өөртөө Засах Орны нутаг дэвсгэрээр урсдаг Ярлун Цангпо гол дээрх дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэлсэн талаар БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян мэдэгджээ.
Дэлхийн хамгийн том усан цахилгаан станц гэгддэг Хубэй мужийн Хөх мөрөн дээр байрлах Гурван хавцал УЦС нь жилд 88.2 сая МВт цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэдэг бол 1.2 их наяд юанийн хөрөнгө оруулалтаар баригдах Ярлун Цангпо УЦС нь жилдээ 300 сая мегаватт цагтай тэнцэх цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх аж.
Нөгөө талаас уг мега төслийг төвөдүүд, байгаль хамгаалагчид, Энэтхэг болон Бангладеш улсын зүгээс эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Дели, Дакка хоёр Бээжин Ярлун Цангпо УЦС-ыг ашиглан голын урсгалыг хаах, голдирлыг нь өөрчлөх зэргээр хөршүүдээ айлган сүрдүүлж болзошгүй гэж үзэж байгаа бол төвөдүүд УЦС-ын бүтээн байгуулалтаас болж тус бүс нутагт амьдардаг зэрлэг ан амьтдын тоо толгой цөөрөх, иргэд орон байргүй болох эрсдэлтэйг онцолжээ.
Харин Хятадын засгийн газар уг мега төсөл нь орон нутаг дахь ажлын байрны тоог нэмэгдүүлж, дотоодын эрчим хүчний хүчин чадлыг сайжруулж, сэргээгдэх эрчим хүчний хөгжилд түлхэц болно хэмээн мэдэгджээ.






