
Увс аймгийн Тариалан сумын 100 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны үеэр уралдах замд нь жалга таарч уралдаанч хүүхэд болон морьд унаж байгаа бичлэг цахим орчинд тархаад буй. Энэ талаар бид холбогдох газруудаас тодруулах гэж аймгийн Засаг дарга С.Батжаргал, ИТХ-ын дарга П.Баттулга, Увс аймгийн Хүүхэд Гэр Бүлийн, Хөгжил, Хамгааллын газар гэх мэт газрууд руу удаа дараа залгасан ч утсаа авахгүй байв.
Харин Увс аймгийн Хүүхэд Гэр Бүлийн, Хөгжил, Хамгааллын газар өөрийн цахим хуудаснаа дараах мэдээг нийтлээд устгажээ. Тус мэдээнд:
Увс аймгийн Тариалан сумын 100 жилийн ойн баяр наадмын 9 насны морьдын уралдаанд 350 гаруй хурдан морь уралдаж 80 гаруй уралдаанч хүүхэд уралдлаа. Тариалан сумын уралдаан зам жалгатай, тоосжилт ихтэйн улмаас нийт 12 хүүхэд мориноос унасан боловч ямар нэгэн гэмтэл бэртэлгүй байна. (Телевизийн шууд дамжуулалтаар гарсан) соёолон насны морьдын уралдаанд чиглүүлэгч машины буруутай үйлдлээс болж жалга руу орж 8 хүүхэд унасан. Хүүхэд хамгааллын баг газар дээр нь ажиллаж ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан бөгөөд эцэг, эх, уяачид нь хүлээлгэн өгсөн гэж бичсэн байв.


Тухайн мэдээлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бид холбогдох газруудаас тодруулан хүргэх болно.






