
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Аймгуудын баяр наадмаар зодоглосон дараах бөхчүүдээс допинг илэрчээ.
- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн заан Э.Мөнхтөр
- Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн начин Б.Сүх-Эрдэнэ
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн начин О.Амгаланбямба
- Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн арслан Б.Базарсад
Э.Мөнхтөрийн хувьд Хөвсгөл аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд үзүүрлэж “Аймгийн заан” цолоор шагнуулсан.
Харин Галт сумын харьяат, сумын заан Б.Сүх-Эрдэнэ 5 даван шөвгөрч “Аймгийн начин” цол хүртсэн юм.
Говьсүмбэр аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 128 бөх зодоглосноос их шөвгийн дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат сумын заан О.Амгаланбямба шөвгөрөн үлдэж, аймгийн Начин цолны болзол хангасан байдаг.
Харин Б.Базарсад Ховд аймгийн наадамдаа долоо даван түрүүлжээ.
“Улсын баяр наадамд барилсан бөхчүүдийн допингийн шинжилгээний бүх хариу ирээгүй байна. Бүгд ирсний дараа нэгдсэн журмаар мэдээлэл хийнэ” гэсэн билээ






