
Кубын Хөдөлмөрийн сайд Марта Элена Фейто Кабрера Кубад гуйлгачин байдаггүй гэж хэлээд албан тушаалаасаа огцорчээ. Парламентын чуулганы үеэр Фейто Кабрера, “Кубад гуйлгачин гэж байхгүй. Амар мөнгө олохын тулд гуйлгачин болж жүжиглэдэг хүмүүс л байгаа.” хэмээн мэдэгдэхийн зэрэгцээ хог ухдаг хүмүүсийг хог хаягдал боловсруулах үйлчилгээний албаны ажилд садаа болж байгааг онцолжээ.
Түүний хэлсэн үг дотооддоо төдийгүй гадаадад амьдарч буй куба иргэдийн бухимдлыг төрүүлж, шүүмжлэл дагуулсан юм. Тус улсын Ерөнхийлөгч Мигель Диаз Канел хууль тогтоогчид ард иргэдийн амьдралаас тасарч болохгүй хэмээн мэдэгджээ. Кубын улс төр, нийгмийн зүтгэлтнүүд Марта Элена Фейто Кабрера “Кубын ард түмнийг доромжилсон” хэмээн түүнийг огцруулахыг шаардсан захидал хүртэл бичжээ.
Марта Элена Фейто Кабрерагийн огцрох хүсэлтийг Кубын Коммунист нам, Кубын засгийн газар хүлээн авсан аж. Эдийн засгийн хямралд автсан Куба улсад ядуурлын түвшин нэмэгдэж, орон байр, хүнсний хомсдол үүсээд байгаатай холбоотойгоор хог ухаж, гадаа хоноглох хүмүүсийн тоо олшроод байгаа юм. Түүнчлэн тус улсад түлш шатахууны хомсдол үүсэж, цахилгаан эрчим хүч үе үе тасрах болсон ба эм тарианы хомсдолоос болж иргэд шаардлагатай эм тариагаа олж авч чадахгүйд хүрчээ.






