
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Найрамдлын эрдэнэс” хүүхдийн зусланд амарч буй хүүхдүүд хоолноосоо хордож эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна. “Найрамдлын эрдэнэс” хүүхдийн зусланд 322 хүүхэд амарч байсан бөгөөд долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд нийт хордлогын шинж илэрсэн 17 хүн эмнэлэгт ханджээ.
Уг зуслангаас тодруулахад 15-ны өдрийн хоолны дараа, 16.00 цагийн тарагны дараа зарим хүүхдийн гэдэс базалж өвдсөн, дотор муухайрсан зэрэг шинж тэмдэг илэрч, халуурсан 5 хүүхдийг Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв рүү шилжүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар уг төвийн Халдвартын тасагт 2 багш, 3 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Бид Орхон аймгийн ЭМГ-ын Яаралтай гамшгийн үщийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Оюуномингоос тонөхцөл байдлын талаар тодрууллаа. “7 сарын 14-өөс эхлэн хордлогын шинж илэрсэн хүүхэд ирсэн. 15-нд 3 хүүхэд нэмж ирсэн, 16-нд дахин 1 хүүхэд ирсэн.
Нийт 17 хүн ирж үзүүлсэн бөгөөд 5 хүнд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу хордлогын үед авч үзүүлэх эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Хүмүүсийн бие тогтворжсон. 2 багшийн хувьд гүйлгэлттэй байгаа. 2 ба түнээс дээш хүн нэг газраас хоол идээд хордлогын шинж тэмдэг илэрсэн бол хоолны хордлого гэж үзэн хоолны дээж болон өвчтөнүүдээс өтгөний сорьцын шинжилгээ авсан.
Дээрх шимнжилгээнүүдийн хариу 72 цагийн дараа буюу маргааш үдээс хойш гарна” гэлээ. “Найрамдлын эрдэнэс” хүүхдийн зуслан нь Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт хамаардаг учраас эхний байдлаар Булган аймгийн эрүүл мэндийн төвд хандсан юм байна. Одоогоор Булган аймгийн ЭМТ-д нийт 64 хүүхэд үзүүлээд буй аж.






