
7-р сарын 11-нд нээлтээ хийсэн “Superman” уран сайхны киноны ачаар нохой үрчилж авах сонирхолтой хүмүүсийн тоо огцом нэмэгджээ. Жеймс Ганны зохиолыг нь бичиж, найруулсан “Superman” киноны гол дүр Суперменээс гадна түүний үнэнч туслах, дэггүй нохой Крипто үзэгчдийн хайрыг татаж, од болсон байна.
Нохой сургах Woofz аппликэйшнд бичсэнээр “Superman” УСК-ны нээлтийн эхний 7 хоногт Google хайлтын системд “өөрт ойр байгаа газраас нохой үрчлэх” гэсэн хайлт 513 хувиар өсөж, “өөрт ойр байгаа газраас гудамжнаас олдсон нохой үрчлэх” гэсэн хайлт 163 хувиар өсжээ.
“Superman” киноныхоо зохиолыг бичиж байхдаа найруулагч Ж. Ганн үрчилж авсан Озү нэртэй нохой нь супер чадвартай байсан бол яах байсан бол гэж бодол орж иржээ. Түүний энэхүү бодол зохиолд нь Крипто нохойны дүр болон буусан аж. Woofz аппликейшнд бичсэнээр Google дэх “гөлөг үрчлэх” гэсэн хайлт 31 хувиар өсөж, зарим иргэд Крипто нохойтой яг ижил үүлдрийн нохой хайсан байжээ.
Крипто нь террьер болон шнауцер хоёр үүлдрийн эрлийз гэгдэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор “шнауцер үрчилж авах” гэсэн хайлт 299 хувиар өссөн байна. Кинонд түүнийг Ж. Ганны үрчилж авсан нохойтой адил бие болон үүлдэртэйгээр бүхэлд нь CGI буюу компьютер графикаар бүтээжээ.
Woofz компанийн гүйцэтгэх захирал Наталья Шахметова, “Нохой үрчилж авах нь маш том үүрэг хариуцлага. Тренд алга болно, нохой чинь үлдэнэ. Тийм учраас нохойндоо хангалттай цаг зав зарцуулж, хайр халамжаар дутахгүй гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй.” гэжээ.






