
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Сур харваан талбайд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.
Нар хур тэгширсэн наадмын налгар өдөр нутаг, усаараа сүүдэр бараадан суух харваачид, сурын талбайд уухай хангинуулан өргөө хүлээх мэргэд, сүртэй агаад чимэгтэй, аанай л Монгол наадмын шинжийг бүрдүүлнэ.
Эдгээр эрхэм хүмүүс дундаас онцолж ярилцах хэдэн хүн байлаа. Тэдний нэг нь Завхан аймгийн Сонгино сумын харьяат Монгол Улсын анхны мэргэн Үлэмжийн Нина.
Тэрээр Эмэгтэй хүн сур харвааны салхинд өртөж болдоггүй “Эрийн гурван наадам” хэмээх ойлголт ихээхэн дэлгэр байсан цагт Эмэгтэйчүүдийн харвах боломжийг нээж өгсөн эрхэм хүмүүн билээ. Тэр бээр:
“Надад Эрхий мэргэнээс өөр цол тэмдэг үгүй. Миний хувьд 20 гаруй жил Сур харваж байлаа. Тухайн үеийн түүхийг бүтээлцсэн эрхмүүд өдгөө тэнгэрт дэвшиж. Түүнийг минь нотлох хүн ч ховор болж. Одоо бол миний хүү Сур харваж байна. Үе, удмаа дамжуулан энэ сайхан өв соёлоо түгээгээд явж байгаа нь бахархалтай сайхан байдаг” хэмээв.
Жил бүрийн наадмын чимэг нь ахмад харваачид байдаг.Тэд цолны төлөө харваж байна уу, өв соёлоо хадгалахын тулд харваж байна уу гэдэг нь тун сонирхолтой. Энэ асуултынхаа хариуг бид Монгол Улсын мэргэн, Буриад сурын дархан мэргэн өдгөө 75 настай ахмад харваач Д.Цэцэгээс олж авсан юм.

Ахмад харваач Д.Цэцэг:
Миний хувьд сур харваад 45 жил болж байна. Энэ хугацаанд түрүүлж, шөвгөрөхгүй байх мөч бишгүй олон тохиолдоно. Тэр бүрд шантралгүй дараагийн наадмаа хүлээн бэлтгэлээ базаадаг байлаа. Өнөөдөр ингээд харахаар “Энэ настай хүмүүс яах гэж харвадаг юм бол” гэх асуулт хүмүүсийн дунд их явдаг бололтой. Үүнд би ганц л хариулт хэлнэ. Мэдээж уралдаан тэмцээнд түрүүлэхийг хүсдэггүй хүн байхгүй. Гэхдээ миний хувьд энэ сайхан Улсын мэргэн гэдэг цолоо мялааж наадмын чимэг болж харвадаг. Цаашид энэ сайхан өв соёлоо хойч үедээ өв тэгш өвлүүлэн үлдээхийг хүсдэг.
Ахмад харваачид бол Монгол улсын түүх соёл, өв уламжлалыг тээж яваа үнэт хүмүүс билээ.






