
Сөүлд мэндэлж буй 6 хүүхэд тутмын 1 нь үр шижүүлэн суулгах эмчилгээний үр дүнд төрж байна
Нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоогоороо сүүл мушгиж буй Өмнөд Солонгост сүүлийн жилүүдэд үр шилжүүлэн суулгах эмнэлгүүдийн эрэлт огцом нэмэгджээ.
2018-2022 оны хооронд тус улсад хийгдсэн үр шилжүүлэн суулгах эмчилгээний тоо 50 орчим хувиар нэмэгдэж, 200 мянгад хүрчээ. Өнгөрсөн онд л гэхэд Сөүл хотод мэндэлсэн 6 хүүхэд тутмын 1 нь үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд төржээ.
Зарим нь хүн ам нь хурдацтай хөгширч буй тус улсын хувьд үр шилжүүлэн суулгах эмнэлгүүдийн эрэлт нэмэгдсэн нь нэг талаараа төрөлтийн тоо цаашид нэмэгдэж болзошгүйг илтгэж байна гэж үзэж байна. Харин зарим мэргэжилтнүүд эмэгтэйчүүд өндгөн эсээ хөлдөөж, гэр бүлүүд үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхээр хандах болсон нь өнөөгийн залуус гэр бүл төлөвлөлтийн асуудлыг чухалчилдаг болсныг харуулж байна гэж үзэж байна. Улс орноо хүн амын хямралаас гаргахыг оролдож буй БНСУ-ын засгийн газрын хувьд энэ нь гарцаагүй сайн мэдээ юм.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д 5 хүн тутмын 1 нь 65 ба түүнээс дээш настай байгаа ба тус улсын хүн амд хүүхдүүдийн эзлэх хувь түүхэн доод хэмжээнд хүрээд байгаа билээ. 2018 онд тус улсад нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо 0.98, 2020 онд 0.84, 2023 онд 0.72 болж, рекорд тогтоосон юм. Хүн амын хэвийн өсөлтийг дэмжихийн тулд нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо багадаа 2.1 байх ёстой байдаг.
Мэргэжилтнүүд төрөлтийн тоо энэ эрчээрээ буурсаар байвал 50 сая хүн амтай БНСУ-ын хүн ам 60 жилийн дараа гэхэд хоёр дахин буурна гэдгийг анхааруулсаар байгаа билээ. Нөгөө талаас 2024 онд тус улсад нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо 9 жилийн дараа анх удаа өсөж, 0.75 болсон нь жижиг ч гэсэн чухал амжилт болохыг БНСУ-ын эрх баригчид онцолсон юм.
НҮБ-ын хийсэн судалгаагаар Өмнөд Солонгосчуудын талаас илүү хувь нь хүүхэдтэй болохыг хүсдэг ч хүүхэд өсгөх зардал өндөр болохыг онцолжээ. Түүнээс гадна БНСУ-ын эмэгтэйчүүд анхны хүүхдээ дунджаар 33.6 насандаа хожуу төрүүлдэг нь ч төрөлтийн тоо буурахад нөлөөлж байгаа аж.






