
Nvidia компанийн үнэ 4 их наяд ам.долларт хүрч, дэлхийн хамгийн үнэтэй компани болов
Өнгөрсөн лхагва гарагт Америкийн чип үйлдвэрлэгч Nvidia компанийн хувьцааны үнэ 2.76 хувиар өсөж, тус компанийн зах зээлийн үнэ 4.02 их наяд ам.долларт хүрчээ. Nvidia компани Apple, Microsoft компаниудыг ардаа орхиж, 4 их наяд ам.долларын босгонд хүрсэн анхны компани болохын зэрэгцээ дэлхийн хамгийн үнэтэй компани болсон байна. 2025 оныг Apple компани 3.9 их наяд ам.долларын үнэтэйгээр угтсан ч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын импортын гаалийн татварын нэмэгдлээс болж Apple компанийн хувьцааны үнэ буурсан юм. Үүнтэй холбоотойгоор дэлхийн хамгийн үнэтэй компани гэсэн цолын төлөөх өрсөлдөөнд Nvidia, Microsoft хоёр тунаж үлдээд байсан юм.
Nvidia компанийн үнэ хиймэл оюун ухааны хөгжлийн ачаар 2025 он гарснаас хойш 21 орчим хувиар өссөн ба тус компанид үйлдвэрлэсэн чипүүд Microsoft, Amazon, Google зэрэг компаниудын дата төвүүдэд өргөн ашиглагддаг юм. Дэлхий даяар хиймэл оюун ухааны дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ 2028 он гэхэд 200 тэрбум ам.долларыг давах хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор Nvidia компанийн чипний эрэлт улам л нэмэгдэх төлөвтэй байна.
2025 оны эхний улиралд Nvidia компани 44.1 тэрбум ам.долларын ашиг олсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 69 хувиар өссөн үзүүлэлт аж. Nvidia компанийн чип нь график технологийн өндөр хүчин чадалтай бөгөөд компьютер тоглоомд дурлагсдын дунд алдартай юм.
Өнөөдрийн байдлаар Nvidia компани роботууд болон тээврийн хэрэгслүүдэд зориулсан хиймэл оюун ухаанд суурилсан шинэ загварын чип гаргахаар ажиллаж байна.
Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг болоод байгаа ба мягмар гарагийн байдлаар Ж. Хуанг 140 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр Bloomberg Billionaire’s Index буюу дэлхийн хамгийн чинээлэг тэрбумтнуудын жагсаалтын 10-т бичигджээ.