
Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг ахмадын шагайн харваа долоодугаар сарын 7-нд Төв талбайд эхэллээ. Уг тэмцээнд улс орон даяарх 28 багийн 300 гаруй ахмад харваач оролцож байна.
Монголын Шагайн харвааны холбооноос мэдээлснээр, энэ удаагийн тэмцээн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогчдын тоо нэмэгдсэн, бэлтгэлийн түвшин ахисан гэж үзэж байна.

Тэмцээнд оролцож буй ахмад харваачид:
“Өмнө нь залуучуудын ангилалд оролцдог байлаа. Одоо яг тэр үед нэгэн зэрэг харваж байсан найзуудтайгаа ахмадын ангилалд харвад явж байна. Жил ирэх тусам оролцогчид олширч байгаа ч түүнийгээ дагаад ганц нэг нь хорвоог орхиж. Энэ бол бидний хувьд зөвхөн наадам, тэмцээн, уралдаан гэхээсээ илүүтэйгээр өв соёл, уламжлалаа тээн нандин дурсамжаа мөнхөлж буй үйл юм” гэлээ.


Шагайн харваа нь монголчуудын уламжлалт спортын нэг бөгөөд энэ төрөлд ахмадуудын оролцоо жилээс жилд өсөж, залуу үеийнхэнд өв соёлоо дамжуулах чухал орон зай болж байна. Ахмадын ангилалд оролцож буй харваачид тухайн баг, нутаг усныхаа нэрийн өмнөөс харваж байгаа нь спортын хамтач чанар, үндэсний ухамсрыг илтгэж байв.








