
Монгол орны зуны улирал эхэлж, Үндэсний их баяр наадам дөхөж буй энэ үед дотоодын аялал жуулчлал идэвхжиж байна. Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, Аялал жуулчлалын технологийн төв болон CU брэнд хамтран “СОЁЛТОЙ АЯЛЪЯ” үндэсний аяныг санаачлан, дотоод, гадаадын аялагчдыг эх орноо хайрлан хамгаалж, байгальд ээлтэй аялахыг уриалж байна.
“СОЁЛТОЙ АЯЛЪЯ” аяны зорилго нь аялагчдын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эх дэлхийгээ хайрлан хариуцлагатай аялахыг уриалах, аяллын боловсрол олгоход чиглэж байна.
Аяны хүрээнд аялагчдад зориулсан зөвлөмж, мэдээлэл бүхий контентуудыг боловсруулан түгээхээс гадна CU конвиниенс дэлгүүрийн хот, хөдөө орон нутагт байрлах салбаруудаар дамжуулан аялагчдад аяллын туршид эрч хүч нөхөх бүтээгдэхүүнүүдийг санал болгох юм.
Орон нутгийн замд аюулгүй зорчих, хөдөө хээр, гол усаар зугаалах үедээ сэрэмж болгоомжтой байх нь иргэн бүрийн хариуцлага бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд усанд осолдсон иргэдийн 69% нь зуны улиралд, үүнээс 41% нь зөвхөн долоо дугаар сард бүртгэгджээ. Мөн зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 500 гаруй хүн амь насаа алдаж байгаа нь иргэдийн аяллын боловсрол, анхаарал, хариуцлага зэргийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, 2024 онд дотоодын аялагчдын тоо 1 сая гаруй, гадаадын жуулчдын тоо 800 мянгад хүрч салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдэж буйг харуулж байна.
Дотоодын аялагчдын дунд хийсэн судалгаагаар: Аялагчдын 43.5% нь 7-10 хоног, 27.5% нь 11-15 хоног аялдаг бол нийт аялагчдын 93.8% нь хувийн машинаараа аялж, 71.4% нь майханд хоноглодог байна.
Уриалга:
Аялал жуулчлал нь зөвхөн газар үзэж, зураг авах төдий зүйл биш, харин эх орон, байгаль орчноо хайрлаж хамгаалж, хариуцлагатай, бусдад үлгэрлэсэн соёлтой үйлдэл хийх боломж юм. Иймд аялагч, иргэд та бүхнийг “СОЁЛТОЙ АЯЛЪЯ” үндэсний аянд нэгдэж, эх дэлхийгээ хайрлах уриалгыг түгээхийг уриалж байна.