
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт зургаан ойн болон хээрийн түймэр идэвхтэй байгаагаас тав нь Сэлэнгэ аймагт бүртгэгджээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн түймрийг цурамд оруулсан бол Хүдэр, Ерөө, Мандал сумдад гарсан үлдсэн таван түймрийг бүрэн унтраахаар ажил үргэлжилж байна.
Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 112 алба хаагч, 18 автомашин, мөн орон нутгийн мэргэжлийн ангиас 18 хүн, 2 автомашин буюу нийт 130 хүн, 20 автомашинтайгаар оролцож байна.
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал цаг агаарын хэт халалт, хуурайшилтаас шалтгаалан эрсдэлтэй хэвээр байгаа тул холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Иргэдийг байгальд зугаалахдаа ил гал хэрэглэхгүй байх, тамхины иш, үнс нурам хаяхгүй байх, гал түймэр үүсгэх эрсдэлтэй аливаа үйлдлээс зайлсхийхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.