
11 настай хүү донор болж 3 хүүхдийн амийг аварчээ
Өнгөрсөн 5-р сарын 24-нд нас барсан 11 настай Ким Ён Вү эрхтний донор болсноор 3 хүүхдэд амьдрал бэлэглэжээ. БНСУ-ын Эрхтэн хандивлах агентлагийн мэдээлснээр 2014 оны 5-р сард мэндэлсэн Ким Ён Вү хүүд нэг сартай байхад нь нүүрний мэдрэл саажих шинж тэмдэг илэрч эхэлсэн аж.
MRI зураг авхуулж, өөр бусад нарийн шинжилгээ хийлгэсний үр дүнд Ким Ён Вү тархины баганын хүнд мэс засалд орох шаардлагатай болох нь тогтоогджээ. Мэс засал хийлгэхэд хэтэрхий жоохон байсан учраас эмч нар түүнийг 8-9 сартай болохыг хүлээхээр шийдсэн аж.
Гэсэн ч мэдрэлийн саажилт нь улам тархаж хүү дөнгөж 2 сартайдаа яаралтай мэс засалд орж, олон сарын турш амьсгалын аппаратын тусламжтай амьсгалж байжээ. 2019 онд Ким Ён Вүгийн зүрх түр зогссоноос болж, түний тархины үйл ажиллагаа эрс муудаж, эд эрхтнүүдийн хэвийн ажиллагаа нь буурч эхэлсэн байна.
Энэ оны 5-р сарын 24-нд түүнийг нас барсныг зарласны дараа гэр бүлийнхэн нь хүүгийнхээ зүрх, хоёр бөөрийг өвчтэй хүүхдүүдэд хандивлахаар шийджээ Түүний ээж, “Тэдгээр хүүхдүүдийн биеэр дамжуулан Ён Вү маань амттай хоол идэж, инээж хөхөрч, амьдралдаа хийж үзээгүй зүйлсээ хийж үзнэ гэж найдаж байна. Өвчин зовлонд шаналж буй хүүхдийг харж хандаж, асрах ямар байдгийг мэднэ.
Хүүгийн маань эрхтнийг авсан хүүхдүүд, тэдгээрийн гэр бүлийнхэн эрүүл саруул, аз жаргалтай амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.