
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр гишүүд төсөвтэй холбоотой үг хэлж, асуулт асууж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн гэмт хэргийн шинжтэй, мөнгө угаасан байж болзошгүй 7.3 тэрбум төгрөг байгаа нь татварын нийт орлогын 26.7 хувьтай тэнцэж байна гэж хэлсэн байна. Энэ одоо гуйвуулчхав уу. Эсвэл үнэхээр мөнгө угаах хэлбэрээр 7.3 их наяд явчхав уу. 26.7 хувь гэдэг бол маш өндөр хувь шүү дээ. Тиймээс энэ дээр Сангийн яам, ТЕГ хариулт өгөөч. Яг ийм зүйл байгаа юм уу. Нотлогдсон юм уу?
ТЕГ-ын дарга Ч.Чимидсүрэн:
-Татварын Ерөнхий хууль болон мөнгө угаах, терроризмтой тэмцэх хууль гэхчлэн холбогдох хуулиудад төрийн байгууллагууд мэдээллээ солилцох, мэдээллээр бие биеэ хангах чиг үүрэгтэй байдаг. Татвар хураах болон хяналт шалгалтын үйл ажиллагааны явцад сэжигтэй байж болох гүйлгээг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, мэдээлэх чиг үүрэгтэй. Энэ хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар үйлдсэн байж болох гүйлгээний давхардалтай дүн болон хонжворт тоглоомтой холбоотой гэмт хэргийн шинжтэй болох гүйлгээний мэдээллийг бид хуулийн байгууллагад шилжүүлсэн. Энэ мэдээллийг төсөвт орсон татварын орлоготой холбосон хэлбэрээр дүгнэлт гаргачихсан байна лээ. Тэрнээс биш энэ нь бодитой гарсан зөрчил биш.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Өчигдөр С.Магнайсүрэн дарга ажлынхаа дүгнэлтийг хэлсэн. Тэр дүгнэлтэд дурдагдсан 7.3 гэдэг нь татварын байцаагч нар татварын тайлан дээр шалгалт хийгээд илрүүлсэн зөрчлүүд нь мөнгө угаасан байж болзошгүй байна гэсэн дүгнэлттэйгээр хуулийн байгууллагууд руу шилжүүлснийг аудитын байгууллага дүгнэлтдээ оруулсан байгаа юм. Тэрнээс биш төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн мөнгө угаасан байж болзошгүй зөрчил огт биш шүү.