
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг долдугаар сарын 2-нд цахимаар худалдсан. Наадмын тасалбар худалдаалагдаж эхэлсэн даруйдаа 30 минутын дотор зарагдаж дууссан. Тэгвэл наадмын тасалбар авч чадсангүй гэх иргэдийн бухимдал нийгэмд үүсээд буй. Нэг хүн олноор нь худалдан авч дамлан зарж, үнэ тэнгэрт хаддаг энэ үзэгдэл жил бүр л давтагддаг. Иргэдийн зүгээс “цахимаар худалдаалж эхлэхэд нь ороод худалдаж авах гээд амжсангүй”, жил бүр л ийм асуудал байнга болдог. Энэ насандаа баяр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааг үзэж чадахгүй, “мөрөөдөл” мэт болжээ хэмээн ярьж байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос нэг хүн 2-00с дээш тасалбар худалдан авах боломжгүй гэж мэдээлсэн. Гэтэл “наадмын тасалбар зарна” гэх заруудад нэг эгнээнд дараалсан гурав, таван тасалбар гэх зарууд хөвөрч байгаагаас харвал нэг хүн 2-оос илүү тасалбар авсан байх магадлал өндөр байгаа аж.
Нөгөө л байдаг жишгээр өнгөрсөн жилүүдэд тасалбар худалдаалах цэгүүдээр борлуулахаар нэг хүн олноор аваад дамлан зарж байна гэж үзээд, цахимаар борлуулдаг болсон. Гэсэн ч энэ байдал алга болсонгүй. Энэ жил мөн л давтагдаж байна.
Наадмын тасалбар худалдаалагдаж дууссаны дараа цахим орчинд наадмын тасалбарын эрэлт ихэссэн. Үүнийгээ дагаад үнэ тэнгэрт хадаж байна. Гэсэн хэдий ч эрэлт их байгаа аж. Наадмын тасалбар худаалагдаж дууссаны дараа, цахим орчинд наадмын шагийн тасалбарын үнэ өнөөдрийн байдлаар 400 мянган төгрөг хүрчээ. Тодруулбал, наадмын тасалбар зарна гэх зарын дагуу залгаж үнийг лавлахад, төв суудлын тасалбар 500 мянган төгрөг. Авна гэвэл яриад өгнө гэв. Ерөнхийдөө нэг тасалбар 250-500 мянган төгрөгийн үнэтэй байна.
Энэ жил наадмын нээлтийг үзэх 12 мянган ширхэг тасалбар борлуулжээ. Наадмын тасалбар суудлаасаа хамаараад 100.000-150.000 төгрөгийн үнэтэй байна.
Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас таван тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Мөн тасалбарын орлогыг наадмын үйл ажиллагаанд зарцуулах аж.