
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” ААН-ийг тодруулан өргөмжиллөө.
Ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлэв.
Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 4.9 хувиар өсөж, ДНБ-ий хэмжээ 80 их наяд төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого эдийн засгийн 70 орчим хувьтай тэнцэж, татварын орлогын 30 орчим хувийг бүрдүүлсэн байна. Улс орны эдийн засаг ийнхүү өсөж,олон мянган хүн ажлын байраар хангагдахад аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмэр онцгой нөлөөтэй байсныг Ерөнхий сайд тодотгов.
2024 оны Монгол Улсын “ТОП-100” ААН-ийн төлсөн татварын хэмжээ өмнөх оноос 1.4 их наяд төгрөгөөр өсөж 7.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Топ салбаруудын жагсаалтыг уул уурхай олборлолтын салбар тэргүүлж худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, банк санхүүгийн салбарууд удаалжээ. Хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалдаг 14 аж ахуйн нэгж багтсан нь хамгийн олон нээлттэй хувьцаат компани багтсан жил болж байгаа юм байна. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай 27 компани багтжээ.
Засгийн газар намрын чуулганд баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, татварын реформ, худалдан авах ажиллагааны тухай хууль зэрэг багтана. Мөн МҮХАҮТ, мэргэжлийн холбоодын хууль зэргээр зөвшөөрөл олголт, хүнд суртал,чирэгдлийг арилгах чиглэлээр цогц шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ.
Хүний хөгжлийг дэмжих, чанартай ажлын байр бий болгох, ажиллах хүчин, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжихэд аж ахуйн нэгж, баялаг бүтээгчидтэй Засгийн газар бүх талаар хамтран ажиллана. Эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ амьдралын чанарыг сайжруулахын төлөө төр, хувийн хамтын ажиллагааг улам сайжруулж, манлайлал үзүүлэн хамтран зүтгэхийг уриаллаа.