
Өнгөрсөн лхагва гарагт Нью Йоркийн Манхэттэн дүүргийн тангарагтны шүүх 55 настай Шон “Дидди” Комбсыг бусдын биеийг үнэлүүлэх хоёр удаагийн гэмт хэрэгт буруутай гэж үзжээ. Харин хүний наймаа болон зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн тусламжтай бусдыг айлган сүрдүүлсэн хэргүүдэд буруутгасныг шүүх хэрэгсэхгүй болгожээ.
Бусдын биеийг үнэлүүлсэн гэмт хэрэгт буруутай этгээдэд 10 хүртэлх жилийн ял оноодог ба Шон “Дидди” Комбсын хувьд хоёр удаагийн гэмт хэрэгт буруутай нь тогтоогдсон тул 20 хүртэлх жилийн ял сонсох магадлалтай юм. Шон Комбсыг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн тусламжтай бусдыг айлган сүрдүүлсэн хэрэгт буруутайд тооцсон бол тэрээр бүх насаар хорих ял хүртэх өндөр магадлалтай байсан аж.
Реппэр Шон “Дидди” Комбсыг шүүх хурал сар гаруй үргэлжилсэн ба энэ хугацаанд тангарагтны шүүх нүүр будагчид, стилистүүд, зочид буудлын ажилчид, эрэгтэй эмэгтэй биеэ үнэлэгчид зэрэг нийт 34 гэрчийн мэдүүлгийг сонсжээ. Шүүхэд мэдүүлэг өгсөн хамгийн гол гэрч нь Шон Комбстой 11 жил дотно харилцаанд байсан түүний экс найз бүсгүй дуучин Кассандра Вентура байсан юм. Тэрээр Шон Комбстой 19 настай байхдаа анх үерхэж эхэлжээ.
Кассандра Вентура шүүхэд 5 өдрийн турш мэдүүлэг өгсөн ба Шон Комбс түүнийг өөр хүмүүстэй бэлгийн харилцаанд орохыг шаарддаг байсан, ингэхдээ өөрөө тэр бүх үйл явцыг нь хажуугаас нь ажиглаж, камерт бичдэг байсан, тэдгээр бичлэгүүдийг ил болгоно гэж түүнийг сүрдүүлдэг байсан тухай мэдүүлсэн юм. Түүний ярьснаар Дидди түүнийг зодож, хүчирхийлдэг байжээ.
Хоёр дахь гол гэрч нь жинхэнэ нэрээ нууцалж, Жэйн нэрээр мэдүүлэг өгсөн эмэгтэй байсан юм. Тэрээр Диддитэй 2020 оноос үерхэж эхэлсэн байна.
Дидди түүнийг мөн л өөр хүмүүстэй бэлгийн харилцаанд орохыг, “Freak off” гэгддэг үдэшлэгүүддээ оролцохыг шаарддаг байсан тухай мэдүүлсэн юм. Нөгөө талаас Диддигийн өмгөөлөгчид мэдүүлэг өгсөн бүсгүйчүүд тэдгээр үдэшлэгүүдэд сайн дураараа оролцож, хоёр бүсгүйд тохиолдсон зүйлс бүгд өөрсдийнх нь зөвшөөрөлтэй болж өнгөрсөн гэдгийг онцолсон юм.