
Сэрэмжлүүлэг: Унадаг дугуйтай хүүхэд ачааны машинд дайруулж амиа алджээ
Увс аймагт бага насны хүүхэд унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож яваад ачааны автомашинд дайруулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 27-ны өдөр гарчээ.
Тухайн өдөр тус аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн газар дээр нь очиж шалгахад, иргэн Б нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Сурагчдын зуны амралт эхэлсэн энэ үед хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгдэж байгаа тул эцэг, эх, асран хамгаалагч нарт хүүхдүүдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлж, унадаг дугуй, скүүтэр, цахилгаан мотортой хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо илүү хариуцлагатай, болгоомжтой байхыг сэрэмжлүүлсэн байна.