
Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа жилийн 20%-ийн хүүтэйгээр олон нийтэд нээлттэй санал болгосон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжаа ердөө дөрөв хоногийн дотор бүрэн дүүрч, 2025 оны долдугаар сарын 1-ний өдөр албан ёсоор хаагдлаа.
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК ХХК нь 24 сарын хугацаатай, жилийн 20 хувийн хүүтэй, улирал тутмын (3 сар тутам) хүүний төлөлттэй, автомашины фидуцийн эрхтэй зээлийн хөрөнгөөр 100 хувь баталгаажсан ХБҮЦ-ыг олон нийтэд нээлттэй санал болгож, нийт 30 тэрбум төгрөгийн хөрөнгийг амжилттай татан төвлөрүүллээ.
Энэхүү өндөр өгөөжтэй, эрсдэл багатай санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулагч хувь хүн болон байгууллагын итгэлцэл, идэвхтэй оролцоо нь ХБҮЦ-ны анхдагч арилжаа 100 хувийн гүйцэтгэлтэй хаагдах гол нөхцөл болж, дотоодын хөрөнгийн зах зээлд шинэ жишиг, шинэ боломжийг бий болголоо.
“Нэткапитал Эй Би Эс” ТКХ ХХК нь “Нэткапитал Финанс Корпораци” ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулсан компани бөгөөд тус санхүүгийн байгууллага нь Монгол Улсад 17 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй, банк бус санхүүгийн салбарын тэргүүлэгч байгууллагуудын нэг юм.
2024 оны байдлаар Нэткапитал Санхүүгийн Группийн гол компани болох “Нэткапитал Финанс Корпораци” ББСБ ХХК-ийн нийт хөрөнгө 271 тэрбум төгрөгт хүрч, Улаанбаатар хот болон Монгол орны 21 аймгийг хамарсан 44 салбар, 600 гаруй чадварлаг ажилтантай болж, 112 мянга гаруй харилцагчийн итгэлийн хүлээсэн байгууллага болон өргөжин тэлсэн байна.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглалын кодексийн үнэлгээгээр 97.2 хувиар үнэлэгдэн засаглал сайтай санхүүгийн байгууллагын нэг болсон нь харилцагчид болон хөрөнгө оруулагчдын итгэлийг өндөр түвшинд хадгалсан, хариуцлагатай, ил тод, найдвартай байдлын баталгаа болж байна.