
77 настай Лэйн ирэх 15 жилийг круиз хөлөг онгоцоор дэлхийг тойрч өнгөрүүлнэ
АНУ-ын Калифорни мужид оршин суугч 77 настай Шэйрон Лэйн хадгалсан бүх мөнгөөрөө Villa Vie Odyssey круиз хөлөг онгоцны нэг өрөөг худалдан авч, ирэх 15 жилийг хөлөг онгоцоор дэлхийг тойрон өнгөрүүлэхээр болжээ.
Villa Vie Odyssey нь энгийн круиз хийдэг хөлөг онгоцноос ялгаатай нь тус хөлөг онгоц өрөөнүүдээ урт хугацаагаар түрээсэлдэг аж. Villa Vie Residences стартап компанийн Villa Vie Odyssey хөлөг өнгөц өнгөрсөн 9-р сараас 15 жилийн хугацаатай аяллаа эхлүүлжээ. Ш.Лэйн хөлөг онгоц түүний амьдардаг Сан Диего хотоор дайран өнгөрөхөд нь тус хөлөг онгоцны нэг өрөөг худалдан авсан аж.
Villa Vie Residences компанийн гүйцэтгэх захирал Микаэл Петтерсоны мэдэгдсэнээр хөлөг онгоцны гадагшаа харсан цонхгүй нэг өрөөг худалдан авахад 129 мянган ам.долларын үнэтэй бөгөөд үүнээс гадна өрөө түрээслэгчид сар бүр хүний тооноос хамаарч 2000-3000 ам.долларын хураамж төлөх ёстой аж. Харин гадагш харсан цонхтой өрөөнүүдийн үнэ 169 мянган ам.доллароос эхлэх аж. Villa Vie Odyssey хөлөг онгоцны зорчигчид өрөөгөө бусдад мөн түрээслэх боломжтой ч тус хөлөг онгоцны зорчигчдын дийлэнх нь өрөөгөө байнга оршин суух зорилготой худалдан авсан гэдгийг Villa Vie Residences компани онцолжээ.
Ш.Лэйний хувьд гадагш харсан цонхгүй өрөө худалдан авсан ба түүний сар бүр төлдөг хураамжид нь хоол, ус ундаа, үнэгүй WiFi, эмчийн үнэгүй үзлэг багтаж байгаа аж. Түүнээс гадна зорчигчид оройн хоолон дээрээ архи согтууруулах ундаа үнэгүй уух боломжтой аж.
Өрөөний үйлчилгээ 7 хоногийн 24 цаг бэлэн байх ба хөлөг онгоцны зүгээс 7 хоногт нэг удаа өрөөг нь цэвэрлэж, 2 долоо хоногт 1 удаа хувцас угаалгын үйлчилгээг үнэгүй үзүүлэх аж. Ш.Лэйн, “Хувцсаа өөрөө угаах , хоол хүнсээ цуглуулах гэсэн зүйлс миний хувьд байхгүй болсон. Хөлөг онгоцон дээр амьдрах чинь Өмнөд Калифорнид амьдрахаас ч хямд юм байна.” гэжээ.
Энтертайнментын хувьд хөлөг онгоцон дээр хамтлаг дуучид, хөгжимчид, бүжигчид зэрэг уран бүтээлчид тогтмол тоглолт хийж, зорчигчдыг зугаацуулах аж. Villa Vie Residences компанийн захирал Микаэл Петтерсоны хэлснээр хөлөг онгоцны зорчигчдын бүрэлдэхүүн Нобелийн Энх тайвны шагналтнаас авхуулаад Цагаан ордны албан тушаалтан, сансрын нисгэгч, эрдэмтэд, эмч нар гээд нийгмийн төрөл бүрийн төлөөлөгчдөөс бүрдэж байгаа аж.