
Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын 90 насны ойн баяртай холбоотойгоор Энэтхэгийн хойд зүгийн Дарамсала хот олны хөлд дарагджээ. Буддын шашны тэргүүн XIV Далай лам ирэх ням гарагт 90 насыг зооглохтой холбоотойгоор Дарамсала хотод энэ лхагва гарагт Төвөдийн Шашны чуулга уулзалт эхэлж байгаа ба ойн баярын үйл ажиллагаанууд өнгөрсөн даваа гарагаас эхэлжээ.
Баярын үйл ажиллагаанд 7000 гаруй зочид уригдсан ба тэдгээрийн дотор Энэтхэг улсын төрийн дээд албан тушаалтнууд ч багтаж байгаа аж. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр өнгөрсөн даваа гарагт болсон үйл ажиллагаанд Далай ламд олон жилийн турш сүсэглэж ирсэн Холливудын алдартай жүжигчин Ричард Гир оролцжээ.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өнгөрсөн 3-р сард 90 насны төрсөн өдрөөрөө хойд дүрээ зарлана гэж мэдэгдсэн билээ. Буддын шашинд гэгээрэлд хүрсэн лам нар таалал төгссөнийхөө дараа дахин өөр дүрээр төрдөг гэж итгэдэг. Үүнтэй холбоотойгоор сүсэгтэн олон Дээрхийн гэгээнтэн ойрын өдрүүдэд өөрийн хойд дүрийг зарлана гэсэн хүлээлттэй байгаа юм.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц төвөдүүдийн Мао Зэдуны дэглэмийн эсрэг бослого хөдөлгөөн бүтэлгүйтсэнтэй холбоотойгоор 1959 онд Энэтхэг рүү дүрвэсэн билээ. Бээжин XIV Далай ламыг “салан тусгаарлагч” хэмээн тодорхойлж, Далай ламын хойд дүрийг сонгоно гэдгээ мэдэгдсэн ч Далай лам Хятадын сонгосон хүнийг буддын шашинтнууд хүлээн зөвшөөрч, хүндлэхгүй гэдгийг онцолсон юм.
Тэрээр өнгөрсөн 3-р сард нээлтээ хийсэн “Voice for Voiceless” номондоо түүний хойд дүр эрх чөлөөтэй улсад буюу Хятадын эзэмшлийн газар нутгаас гадна төрнө гэдгийг онцолсон билээ.