
Монголын сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн охид О.Хулан, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг нарт Засгийн газрын мөнгөн шагналаар олгоно
Өнөөдөр Улаанбаатар хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ээс “Мөнгөн” медаль хүртсэн Монголын үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчдыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар хүндэтгэл үзүүлэн хүлээн авч Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгийн мөнгөн шагнал болон Засгийн газрын мөнгөн шагналын батламжийг гардуулах гэж байна.
Ямар журмаар уг шагналыг олгодог тухай мэдээллийг хүргэж байна
“Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журам”-ыг 2022 онд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллах байх үедээ баталж байжээ.
Энэ журмын хавсралтад:
2.1.Өөрийн үйл ажиллагаа, хүчин чармайлтаараа Монгол Улсыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан, Монгол үндэстний үнэт зүйл, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын иргэн, баг, хамтлагийг төрийн болон төрийн бус холбогдох мэргэжлийн байгууллага хамтран шагналд нэр дэвшүүлнэ.
Шагнал олгох
- 4.1.Шагналын хэмжээ иргэнд 200.0 (хоёр зуун) сая төгрөг, баг, хамтлагт 500.0 (таван зуун) сая төгрөг байна.
- 4.2.Шагналыг Засгийн газрын шийдвэрт үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар олгоно.
- 4.3.Шагнал олгох арга хэмжээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд гардуулна.
Журмыг бүрэн эхээр ЭНД дарж унших боломжтой.
Үүнээс гадна Үе үеийн Олимпийн наадам /Зуны олимп, өвлийн олимп, пара олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгох зарлиг бий.
Тухайлбал,
- Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
- Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
- Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийг олгодог журамтай.