
Филиппины нийслэл Манила хотын дарга хотын гудамж талбайд цугларсан хог хаягдал иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрээд байгааг анхааруулжээ.
Дэлхийн хамгийн өндөр хүн амын нягтшилтай хотуудын нэг болох Манила хотын даргаар өнгөрсөн даваа гарагт томилогдсон Франциско Домагосо хотын 2 сая орчим оршин суугчдад шинэ компанитай гэрээ хийх хүртэл хогоо гадагш гаргаж хаяхгүй байхыг зөвлөжээ. Түүний мэдэгдсэнээр хотын хогийг цуглуулж, хогийн цэг дээр аваачиж хаядаг байсан хоёр компани Манила хоттой хийсэн гэрээгээ цуцалжээ.
Тэрээр хотын шинэ удирдлагууд энэ мягмар гараг гэхэд эрүүл мэндийн онц байдал зарлаж, зохих арга хэмжээнүүдийг авна гэсэн хүлээлттэй байгаа тухай дурджээ.
Франциско Домагосо, “Боломжтой бол гадаа хог гаргаж хаяхаа хэдхэн өдрөөр хойшлуулж, Манила хотын хог хаягдал цуглуулах үйл явцыг хэвийн болтол хогоо гэртээ хадгалж байгаач гэж хүсэх байна.” хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр үнэр орж, муудсан хог хаягдлууд нь хөгшин настай хүмүүс, хүүхдүүд болон өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тэдгээр хогон дээр эргэлдэж буй ялаанууд нь иргэдийн идэж буй хоолон дээр ч суух өндөр магадлалтайг онцолжээ.
Иско Морено нэрээрээ алдартай Франциско Домагосо нь өнгөрсөн 5-р сард “Манилаг дахин агуу болгоно” гэсэн уриатайгаар сонгуульд ялалт байгуулсан аж. Тэрээр мягмар гарагийн өглөө Манила хотын төвийн гудамжнуудыг савантай усаар угаахыг үүрэг болгосон ба 2019-2022 онд уг албыг хашиж байхдаа ч хотын гудамж талбайн цэвэрлэгээнд өндөр ач холбогдол өгдөг байжээ.
Хог цуглуулагч өмнөх хоёр компанид Манила хотын захиргаа 400 сая песо буюу 7 сая ам.долларын өртэй учир PhilEco, Metro Waste компаниуд Манила хоттой хийсэн гэрээгээ цуцалсан ч Манила хотын дарга Франциско Домагосогийн мэдэгдсэнээр өмнө нь Манила хотын захиргаатай ажиллаж байсан Leonel компани түүний гуйлтаар Манила хотын хогийг үнэгүй цуглуулж, ачиж өгөхөөр болжээ.
Манила хотын захиргааны хувьд Leonel компанид мөн л 560 сая песогийн өртэй аж.
Эх сурвалж: BBC