
Дуучин Бейонсегийн өнгөрсөн бямба гарагт “Cowboy Carter” аялан тоглолтынхоо хүрээнд Техасын Хьюстон хотод хийсэн тоглолтын үеэр түүний сууж байсан “нисдэг машин” нэг тал руугаа хэтэрхий далийснаар дуучин бүсгүй өндрөөс унах эрсдэлд оржээ. Бейонсе “16 Carriages” нэртэй дуугаа дуулахдаа задгай дээвэртэй улаан өнгийн кадиллак машин дээр сууж, машинтайгаа агаарт хөөрөн, концертын танхимыг тойрон үзэгчдийн дээгүүр “нисэх” ёстой байсан ч энэ удаа тэрээр уг үзүүлбэрээ дундаас нь зогсооход хүрчээ.
Өндрөөс унах эрсдэлд орсон Бейонсе дуулж байсан дуугаа дундаас нь зогсоон, доош унахгүйн тулд машинд бэхэлсэн тугны шонгоос барихад хүрчээ. Цахим орчинд тархсан бичлэгүүдээс Бейонсе дуугаа гэнэт зогсоон, “Стоп! Стоп, стоп, стоп, стоп” хэмээн хэлж байгаа нь сонсогдох бөгөөд түүний сууж байсан машиныг аажмаар доошлуулж, буулгах үед үзэгчид алгаа ташиж байгааг харж болох юм. Тэрээр машинаас буусныхаа дараа, “Унасан бол та нар намайг бариад авна гэдгийг би мэдэж байсан.” хэмээн мэдэгджээ.
Тоглолтын зохион байгуулалтыг хариуцсан Parkwood Entertainment компани дуучин бүсгүйн сууж явсан машин техникийн доголдлоос болж далийсан болохыг хүлээн зөвшөөрч, уг явдлын үеэр хэн ч бэртэж гэмтээгүй, тоглолт хэвийн үргэлжилсэн гэжээ.
43 настай Бейонсе “Cowboy Carter” аялан тоглолтынхоо хүрээнд нийт 32 хотод тоглох бөгөөд түүний аялан тоглолт ирэх сард Лас Вегас хотод болох тоглолтоор дуусах юм.
3 цаг үргэлжлэх түүний шоу тоглолт хэд хэдэн рекордыг эвдээд байгаа ба Лондон хотын Tottenham Hotspur, Парисын State De France цэнгэлдэхүүдэд хийсэн тоглолтууд нь бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг олсон тоглолтууд болжээ.