
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “FIBA 3×3 World Cup 2025” тэмцээнийг 2025 оны 6 дугаар сарын 29-нийг дуустал Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах бөгөөд тус тэмцээнд АНУ, Франц, Серби, Литва, Хятад, Монгол зэрэг 27 орны эрэгтэй, эмэгтэй нийт 40 баг оролцож байна.
2025 оны 6-р сарын 26-нд Монголын эмэгтэй шигшээ баг хэсгийн шийдвэрлэх тоглолтуудаа амжилттай хийж, хасагдах шатанд шалгарлаа.
Эхний тоглолтод “Парис-2024” олимпын аварга Германы багийг 18:14 харьцаатай буулган авсан бол сүүлийн тоглолтод Украйны шигшээ багтай нэмэлт цагт өрсөлдөж, О.Хулан алсын зайн шидэлтээр хожлын оноог авч, D хэсгийн 2-р байраар дараагийн шатанд шалгарсан байна.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг хэлэхдээ:
“Би суларч тэр шидэлтүүдийг хийсэндээ үнэхээр баяртай байна. Би чадна гэсэн сэтгэлзүйгээр зориг гаргаж тоглосон болохоор шидэлтүүд маань орсон байх гэж бодож байна. Баг хамт олондоо үнэхээр их хайртай. Бид хамгаалалт, довтолгоо гэх бүхий л зүйлс дээр багаараа хамт байж чадсан учраас энэ хожлыг авсан. Манай дасгалжуулагч багийн тамирчин болгоны хувь хүн дээр ажиллаж, хувилбаруудыг гаргадаг. “Охидоо бүгдээрээ чадна аа” гэж урам зориг өгч, хожсон ч хожигдсон ч сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг”
Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин О.Хулан:
“Бид нар өнөөдрийн тоглолтдоо орохдоо 2 чухал хожлыг заавал авна гэсэн төлөвлөгөөтэй, итгэлтэй орж ирсэн. Тэр төлөвлөгөөгөө биелүүлсэндээ үнэхээр их баяртай байна. Багийнхаа охидоороо маш их бахархаж байна. Фенүүддээ их баярлалаа. Та нарын энергиэр бид нар унасан сэтгэлээ татаж босгож авч чадаж байгаа шүү. Үргэлжлүүлэн бид нарыг дэмжээрэй. Манай багийнхан хичээх болно. Баярлалаа” хэмээлээ.
Б.Хүслэн