
БНСУ-ын BTS хамтлагийн гишүүн Suga Сөүл дэх Severance Hospital эмнэлэгт аутизмтай хүүхдүүдийг дэмжих өөрийн нэрэмжит төвийг байгуулахад зориулж 5 тэрбум вон буюу 3.63 сая ам.доллар хандивлажээ. Suga буюу Мин Юнги өнгөрсөн бямба гарагт цэргийн жинхэнэ албаа нийгмийн ажилтнаар хааж дуусгасан юм.
Ирэх 9-р сард Сөүлийн Severance Hospital эмнэлэгт нээгдэх “Мин Юнги Эмчилгээний төв” нь аутизмтай хүүхдүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж болон эмчилгээ үйлчилгээ үзүүлэх ба үүнд хэл ярианы, сэтгэл зүйн, зан үйлийн заслууд багтах аж.
Тус төв нь клиникийн эмчилгээг, судалгаа шинжилгээтэй хослуулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ба BTS хамтлагийн реппер Suga сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой санаачлагуудыг олон жилийн турш дэмжсээр ирсэн нэгэн аж.
Severance Hospital эмнэлгийн зүгээс, “BTS хамтлагийн үйл ажиллагаанд оролцож байхдаа ч Suga сэтгэл гутрал болон зан үйлийн асуудалтай хүүхэд залууст туслах явдалд онцгой ач холбогдол өгч, уран бүтээлээрээ эерэг нөлөө үзүүлэх арга замуудыг олохыг хичээсээр ирсэн билээ.” хэмээн онцолжээ.
Өнгөрсөн 11-р сард Suga тус эмнэлгийн хүүхдийн сэтгэцийн мэргэжилтэн Чон Кюн Атай хийсэн уулзалтынхаа үеэр аутизмтай хүүхдүүдэд урт хугацааны, тусгайлсан тусламж үйлчилгээ шаардлагатай тухай мэдэж авсан ба Suga Чон Кюн Атай хамтран хөгжмөөр дамжуулан аутизмтай хүүхдүүдэд нийгмийн харилцааны чадварыг хөгжүүлэх MIND нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Уг хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд хөгжмийн зэмсгүүд тоглож, дуулж, дууны үг зохиож, сэтгэл хөдлөлөө хөгжмөөр дамжуулан илэрхийлэх аргуудыг зааж өгөх нь тэдгээр хүүхдүүдийг биеэ даасан, нийгмийн хүндэт гишүүн болоход нь туслах аж. Suga өнгөрсөн 3-р сараас эхлэн амралтын өдрүүдээрээ сайн дураар аутизмтай хүүхдүүдтэй уулзаж, тэдэнд хөгжим тоглож өгч, хөгжмийн хэмнэл, хөгжмөөр дамжуулан сэтгэл санаагаа хэрхэн илэрхийлэхийг зааж өгчээ.
MIND хөтөлбөрийн ачаар хүүхдүүдийн өөрсдийгөө илэрхийлэх чадварт нь ахиц дэвшил гарсныг Severance Hospital онцолжээ. Энэ талаар Suga, “Хөгжим нь сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, хүрээлэн буй орчинтойгоо харилцахад тусалдаг хүчирхэг зэвсэг гэдгийг ойлгосон.
Аутизмтай хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний явцын нэг хэсэг болсондоо баяртай байна. Эдгээр хүүхдүүдэд нийгмийн нэг хэсэг болон амьдрахад нь цаашид ч тусалсаар байх болно.” гэжээ.
Эх сурвалж: m-en.yna.co.kr