
Оросын Санкт-Петербург хотод болсон Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь Оросын армийн цаашдын төлөвлөгөөний талаарх асуултад, “Оросууд болон украинчууд нэг ард түмэн гэдгийг би хэлж байсан.
Тийм ч учраас Украин бол биднийх. Нэг ийм эртний дүрэм байдаг. Орос цэргийн хөл хүрсэн газар болгон манайх гэдэг.” хэмээн хариулжээ. Түүнчлэн В. Путин “хилийн аюулгүй бүс” байгуулах төлөвлөгөөнийхөө хүрээнд Украины Сумы хотыг эзэлж магадгүй тухайгаа дурджээ.
Тэрээр, “Украинчууд манай Курск муж руу довтлон гэмт үйлдлүүд хийсэн. Тэднийг бид хөөн гаргасан ч хилийн дагуу “аюулгүй бүс” байгуулах шаардлагатай болсон. Бид Сумыг эзлэх зорилго тавиагүй ч эзлэхийг үгүйсгэхгүй.” хэмээн мэдэгджээ. Украины Гадаад харилцааны сайд Андрей Сибига ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины мэдэгдлийн тухайд АНУ болон бусад бүх улс орнууд галаа зогсоохыг уриалж байхад Оросын төрийн тэргүүн Украины газар нутгийг эзлэх, илүү олон тооны украинчуудыг хөнөөх талаар ярьж байгаа нь ичгүүргүй явдал хэмээн, “Орос цэргүүд хөл хүрсэн газар болгондоо үхэл, сүйрлийг л дагуулдаг. В. Путинд оросын цэргүүд, тэр тусмаа украины дронд оногдож тасарч унасан цэргүүдийнх нь хөл ямар ч хамаагүй. Тэр бол өөрийнхөө ард иргэдийг олноор нь хөнөөж буй алуурчин.” хэмээн нийгмийн сүлжээнд бичжээ.
Эх сурвалж: Риа Новости